Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Saturday, November 16, 2013

"Том"-чуудад

"Архи амьдралын дайсан" гэдэг хирнээ өөрсдөө найз нөхөдтэйгээ шөнөжин унтуулахгүй хажууд нь архидна. "Тамхи татаад үзээрэй чи!" гэсэн мөртөө ширхэгийн тамхинд гүйлгэнэ. "Одоогийн охид садарлалаа" хэмээн уулга алдах хирнээ өөрийнхөө охины насны охидын толгойг эргүүлж садарлах. "Худлаа хэлж болохгүй" гэж сургадаг байж "гэртээ байхгүй гэж хэл" хэмээн загнана. Хүн зодож болохгүй гэх мөртөө өөрсдөө "би чамд гар хүрэх эрхтэй" хэмээнэ. "Эр хүн уйлдаггүй юм" гэх мөртөө согтуудаа нус нулимстайгаа хутгалдан тэдний дэргэд амьдралыг зүхнэ. "Хараалын үг хэллээ" гэж тэднийг зандрах мөртөө эрхэм гишүүдээсээ эхлээд л үйлдлээрээ өнөөх үгээ хэлнэ. "Гудамжинд хог хаяж болохгүй" гэж дээд доодгүй сургах мөртөө машины цонхоороо хэнэггүй ундааны лааз шидлэнэ. "Хүнийг бүү ялгаварла" гэдэг хирнээ ядарсан нэгнийг цааш түлхэж, задарсан нэгнийг улам өргөмжилнө. "Ямарч хүнтэй хүндэтгэлтэй харьц" гэх мөртөө өөрсдөө тэднийг үл хүндэтгэж, дээрэлхэн харьцана. "Чи миний эрдэнэ" гэх мөртөө, ааш нь хувирахаар чамаас болж бид мөнгө олох гэж ингэж зовж байна гэх. "Чиний л ирээдүйн төлөө" хэмээн араатантай нийлж амьдаар нь тарчилгах. Тэдний сайн сайхны төлөө гэж мянга хашгирдаг мөртөө боловсрох, эмчлүүлэх, тоглох газраас нь хумсалж, өөрсдийнхөө нэр хүнд, эд хөрөнгөө зузаатгаад эргэж ч харалгүй тал болох. Үүнийгээ элч, хамгаалагч, ивээн тэтгэгч, сайн нөхөр гэсэн сүржин нэрээр чимэх. Ёс суртахуунтай байх талаар тэднийг залхтал нь сургах мөртөө өөрсдөө үүндээ хэзээ ч эргэлзэхгүй бас хэзээ ч ийм байж үлгэрлэхгүй ...

ТОМ хүмүүс ямар аймшигтай ертөнцөд тэднийг амьдруулж байгаагаа, гэрэлт ирээдүй минь гэж хичнээн тэнгэрт тултал магтавч хэзээ ч гэрэл гэгээг олж харахгүй болтол нь нүдийг нь таглачихаад байгаагаа олж харж чадахааргүй болтлоо сохорчихож гэж үү.