Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Wednesday, August 27, 2014

Тэмдэглэлийн талаарх "тэмдэглэл"

Гэнэт маш ихээр харамсав. Урж тастаж, шатаасан өдрийн тэмдэглэлдээ. Нууц нууц байхдаа л үнэ цэнэтэй гэдэг. Харин миний өөрөөсөө ч нууж байсан нууц маань тэр үед нууц биш болчихсон хэрэг. Тэгээд л галд шатсан. 12-той жаахан охин уйдахдаа ахынхаа номын сангаас олсон соц үеийн түүхийн хэлтэрхий гэлтэй хуучин хирнээ шинэ дэвтэр олоод тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Өдөрт юу хийснээ, юу бодож, мөрөөдөж байгаагаа, өөрийнхөө тухай, өрөөл бусдын тухай гээд өчнөөн зүйл бичиж эхэлсэн юм. Харин одоо яг юу бичиж байснаа санахгүй байх юм. Үүнээс л болоод өнөөдөр харамсал төрчихсөн хэрэг. 

Тэр үед надад цорын ганц найз байлаа. Гэр - сургууль гэсэн маршруттай, хатуу өвөөгийн хяналтад хичээл хийхээс өөр зүйл мэдэхгүй, дүнсгэр, дуу цөөнтэй охинтой яаж гэдгийг нь мэдэхгүй ч ангийн маань хамгийн хөөрхөн охин (бусдыг нь мэдэхгүй ч би л лав ингэж боддог байсан санагдана) найз болчихсон байлаа. Хичээлээ тараад л манайд юм уу, тэднийд очиж хичээлээ хийнэ, хоол хийж иднэ, ном солилцон уншина, нийлж ангийхаа хөвгүүдийг шоглоод л. Одоо бодоход санах бодох зүйлгүй сайхан өдөр хоногууд өнгөрч. Энэ хооронд би өнөөх дэвтэртээ "нууц" гэж бодсон бүхнээ бичээд л, амьтай бүхнээс нууж, хүн бүхнийг уншчих вий гэж хардсаар л. Мөн ч их "нууц"-тай байж дээ. Гэтэл нэг өдөр дотроос адын хүсэл хатгаад болдоггүй. Найз маань тэмдэглэлийн дэвтрээ манайд ил орхиод явчихаж шүү. Унших уу үгүй юу? - Энэ чинь байж болшгүй зүйл. -Хүний юманд дураараа хүрч болохгүй ... бодол хөвөрсөөр л... Нэг мэдэхэд би дэлгээд уншаад эхэлчихсэн байсан юм. Харин одоог хүртэл тэр үйлдэлдээ харамссаар. Учир нь найз маань миний өөрөөсөө ч нуугаад байдаг өнөөх дэвтрийг аль хэдийнэ уншчихсан байдаг байгаа. Дээр нь бусад найзууддаа хэлсэн талаараа өөрийнхөө дэвтэр дээр бичсэн байсан санагдана. Дотор харанхуйлаад л яах учраа олохгүй, уур хүрч, ичиж байлаа. Харин миний хийсэн хамгийн эхний үйлдэл нь өөрийнхөө өдрийн тэмдэглэлийн хуудас бүрийг нэг нэгээр нь ураад галд шатаачихсан. Шатаж дуусах хүртэл нь харж суухдаа нүднээс минь нулимс дусалж байсансан. Найздаа харин тэр талаар юу ч хэлсэнгүй. Дахиж хэзээ тэмдэглэлийн дэвтэр хөтлөхгүй гэж өөртөө амлав. Тэр өдрөөс хойш бид хоёрын хооронд ямх ямхаар зай завсар гарсаар, одоо сураг нь ч алдарч.

Харамсал хөвөрсөөр мартагдсан дурсамж руу минь ингээд нэвтрээд ирэх гэж. Өдөр өдрийн дурсамж шингэсэн дэвтэр, үерхэж дотноссон найзаа санагалзан суух өдөр ирэх гэж. Хаа нэгтээ мартагдсан хүүхэд насны гэгээн гэж хэлж болохоор дурсамж. Нөхөрлөл, итгэл, бас бяцхан атаархал. Тэгээд төгсгөл.

Өнөөдөр харин тэмдэглэлийн дэвтрээ нухацтай нь аргагүй нээж харав. Өдөр өдрийн ажлын төлөвлөгөө, уулзалтын хуваарь, шинэ, хуучин санаанууд, онч үг, зарим нэг шүлгийн мөр, номны тэмдэглэл, амралтын хуваарь, санхүүгийн тооцооны мэдээлэл... Өсвөр насандаа бичиж байсан мэдрэмж, сэтгэл хөөрөл, гутрал, гомдол, хайр, "нууц" аль нь ч энд алга... Хачирхалтай нь би өөрөө харин энд байгаа болов уу гэж бодогдох.