Нэгдүгээр хэсэг
Хүн
төрөлхтөн хүрэл зэвсгийн үеэс эхлэн өмчийн эзэн болсон эрчүүд биологи
болон үржихүйн онцгой үүргээрээ эрчүүдээс ялгаатай байдаг эмэгтэйчүүдийн
“эзэн” нь болсон гэгддэг. Эцгийн эрхт ёс эхийн эрхийг халж өмчийг
эцгээс хүүд өв залгамжлуулах болсон бөгөөд хувийн өмчид суурилсан
патриархи гэр бүл үүссэнээр эрэгтэйчүүдийн ноёлох байдал өсч,
эмэгтэйчүүдийн дагалдах шинж нь эмэгтэй хүнийг “дарлагдсан” байдал руу
түлхсэн. Патриархат буюу эцгийн эрхт ёсны нийгмийн үндсэн институт нь
гэр бүл. Тиймээс гэр бүл нь эцгийн эрхт ёсны суурь хэсэг, үндсэн
хэрэгсэл болохын хирээр эрчүүд өрхийн тэргүүн байж, өмчлөх, өв
залгамжлах зэрэг эрх нь дан тэдэнд л байдаг. Энэ
нь хүний тусгаар бие даасан байдлаа бодитоор хэрэгжүүлэхэд эрмэлзэгч
ухамсрын түрэмгийлэгч, эзэрхийлэгч шинж чанарын үр дагавар юм. Хэрэв
хүний ухамсар анхнаасаа хоёрдахь болон дагалдах гэсэн шинжийг агуулаагүй
байсан бол, өөрийгөө “бусад”-аас дээгүүр мэтээр үздэг дарангуй хүсэл,
тэмүүлэл байгаагүйсэн бол хүрэл зэвсэг үүссэн нь эмэгтэйчүүдэд тийм ч
халтай тусахгүй байхсан. Харамсалтай нь хүн бол трансцендэнт байдлаараа
дээгүүр санаатай оршихуй учраас хөдөлмөрийн шинэ зэвсэг бий болох,
хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт гарах үеээс өөрөөсөө сул доройг нь
захирах, өмчлөх гэсэн хүсэл нь эмэгтэйчүүдийг дарангуйлах явдлыг
үүсгэжээ.
Оршихуйгаар
нь эмэгтэй хүнийг эртний Грекийн философич Аристотель ердөө л матери
гээд, харин “төрж буй бүхэнд байдаг хөдөлгөөний зарчим бол илүү дээр,
тэнгэрлэг эр зарчим” гэсэн байдаг. Эндээс л эрэгтэй хүн дээд, тэнгэрлэг,
эхлэл харин эмэгтэй хүн хоёрдогч, дагалдагч, гүйцэтгэгч, сул дорой
нэгэн болж оршихуйгаа тодорхойлж ирсэн юм. Симона Де Боваур бичихдээ: “Эмэгтэй
хүн өөрийгөө эрэгтэй хүнтэй харьцуулан тодорхойлохоос бус эр хүн
өөрийгөө эмэгтэй хүнтэй харьцуулан тодорхойлдоггүй. Эмэгтэй хүн бол
чухал зүйлтэй харьцуулахад чухал биш амьтан. Эрэгтэй хүн бол Субьект,
Үнэмлэхүй зүйл, харин эмэгтэй хүн бол Нөгөөх л ажээ.” Түүнийхээр "нөгөөх" бол
бусдын хувьд Обьект болоод зогсохгүй тэдний юу хүссэнээр харагдах, байх
тэр л үүргийг гүйцэтгэгч нь болж байдаг. Нутгийн уугуул иргэдийн хувьд
шилжин суурьшигчид, цагаачид, дүрвэгсэд гадны хэн нэгэн байдаг.
Исламын шашинтангуудын хувьд өөр шүтлэгтэнгүүд бүгд бусад, харь байдаг. Эрэгтэй хүн өөрийгөө эхлэл, эрх чөлөөтэй субьект гэж үзсэн
цагаас Нөгөөх буюу нөгөө хүйс нь бол эмэгтэй оршихуй гэсэн санаа гарч ирж байна. Энэ мөчөөс эхлэн Нөгөөхтэй
харьцах харьцаа нь эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдэд ч дараа, зовлон болж Нөгөөхийн
оршихуй нь өөртөө болон өрөөлд аюул заналыг агуулах болжээ. Пифагор:
“Эмх цэгц, гэрэл гэгээг бүтээдэг сайн эхлэл эрэгтэйд, эмх замбараагүй
байдал, харанхуй, муу муухайг бүтээдэг муу эхлэл нь эмэгтэйд бий” гэжээ.
Тиймээс энэхүү “муу эхлэл” болсон эмэгтэйчүүдийн эсрэг “дайн” эхэлсэн
мэт. Эмэгтэй хүн бол өмч. Бие биендээ бэлэглэж, зарж болдог эд бараа.
Тэр охин байхдаа эцгийнхээ, дараа нь нөхрийнхөө, нөхрийнхөө дараа
хүүгийнхээ өмч нь болдог. Нөгөө талаар тэр нөхөр нь нас барсан
тохиолдолд Монголын уламжлалд “асрахуй ёс” хэмээн нэрлэгдсэн нөхрийнхөө
талын садангийн “ивээл”-д ордог байсан, нөхөр нас барсан тохиолдолд
эхнэрийг нь хамт оршуулдаг гэх мэтчилэн эмэгтэй хүнийг эд бараа мэтээр
үздэг соёл олон улс оронд түхэндээ байсан. Хамгийн сүүлийн үеийн жишээ
гэвэл африкийн зарим орны соёл дахь “эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх” ёс
юм. Энэ нь эмэгтэй хүн бол нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэж байдаг өмч бөгөөд
эрэгтэйд үйлчлэх, тэдний эрх ашгийн төлөөх бүхий л зүйлийг үг дуугүй
биелүүлэх ёстой “хэрэгсэл” мэтээр үзэж байгаагийн илрэл юм. Үүнийг
Америкийн хүн судлаач Линда Стоун “хүйсийн ялгаа гэдэг бол зөвхөн
эрэгтэй эмэгтэй гэсэн биологийн асуудал төдий бус олон нийгэм, соёлд
ондоо ондоогоор төсөөлөгддөг нийгэм, соёлын асуудал ч мөн юм” хэмээн
үзсэн байна. Түүний үзсэнээр хүйсийн ялгаатай байдал нийгмийн амьдралд
нөлөөлж байгаа нь зөвхөн нийгмийн асуудал болохоос биш биологийн үүднээс
тайлбарлах боломжгүй юм хэмээн үзсэн байна. Үүнийг соёлын хүн судлаач
Барбара Миллер тодорхойлохдоо: “эмэгтэй хүн хүүхэд олдог, тээдэг,
гаргадаг гэдэг бол хүүхдийг гарсны дараа заавал эмэгтэй хүн л түүнийг
өсгөж, халамжилж гэр зуур байж, нийгэм, эдийн засаг, улс төр, олон
нийтээс тусгаарлагдаж байх ёстой гэсэн үг байж таарахгүй. Эмэгтэй хүний
эрэгтэй хүнд захирагдах явдал бол биологийн үндэслэлтэй байгальлаг зүйл
биш харин эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдэд тулгадаг нийгмийн зан суртахуун
юм” хэмээн үзжээ. Белгийн феминист философич Люси Иригари “нийгэм,
соёл, түүхийн бүхий л явцад бодит байдал дээр эрэгтэйлэг байдал бол
тодорхой зүйл, харин эмэгтэйлэг байдал нь тодорхой бус зүйл байсан”
хэмээсэн нь эрэгтэй, эмэгтэй хүний оршихуйг дээрх хоёр ойлголтоор авч
үзэх болсныг харуулж байна. Феминизмийн явцад эрэгтэй эмэгтэй хүнийг авч
үзэхдээ эрэгтэй хүн бол субьект, харин эмэгтэй хүн бол обьект хэмээн
үзэж байсныг Боваур эрэгтэй хүн бол доминант, эмэгтэй хүн бол имманент
шинжтэй хэмээн тайлбарласан билээ.
Харин
орчин үеийн жендэр судлал нь энэ хоёр хүйсийн жендэрийг судлахдаа
эрэгтэйлэг байдал буюу эр жендэрийн хэм хэмжээ, дүр (masculinity),
эмэгтэйлэг байдал буюу эм жендэрийн хэм хэмжээ, дүр (feminity) гэсэн хоёр
ойлголтыг тайлбарлахад чиглэж байна. Учир нь эцгийн эрхт ёсны нийгэмд
эрэгтэй, эмэгтэй хүний оршихуйг нь эрэгтэйлэг байдал эмэгтэйлэг байдлаар
нь тодорхойлож байна. Эндээс хүний биологийн хүйсэнд нь суурилсан
“жендэрийн хэвшмэл үзэл” бий болж, тэр нь хүн өөрийгөө
илэрхийлэх, үнэлэх үнэлэмжинд буюу цаашлаад оршихуйд нь ихээр нөлөөлж байгаа юм.
Жендэрийн тэгш эрх хангагдсан, хүчирхийллээс ангид, шударга нийгмийг
бүтээхэд эцгийн эрхт ёсны жендэрийн тогтолцооны хоёр гол механизм болох
эмэгтэйлэг байдал эрэгтэйлэг байдал хоёуланг нь хувьсган өөрчлөх
шаардлагатай байна.
(Энэхүү өгүүлэл бүрэн эхээрээ "Философи шашин судлал" сэтгүүлийн 2012 оны I улирлын дугаарт нийтлэгдсэн болно.)
No comments:
Post a Comment