Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Tuesday, December 9, 2014

Персеполис ба Ардчиллыг хэн хамгаалах вэ?

Өнгөрсөн амралтын өдөр иргэний нийгмийн нэгэн залуу эмэгтэйд туслах хандивын үйл ажиллагаа болох кино хэлэлцүүлэгт очсон юм. "Алтан хальс" холбооны Дримерс Дэй-гээр өмнө нь гарч байсан Персеполис хэмээх "хөөрхөн" киног сонгожээ. "Өөрийгөө олох эрэлд" хэмээн тодотгосон энэхүү киног үзэх явцдаа инээж, уйлж, бодолд дарагдаж, дайчин, хэрсүү, тэрсүү Маржан хэмээх охины өөрийгөө олох аялалд хөтлөгдөж, Ираны ард түмний зовлон, зүдгүүр хийгээд богинохон түүхээр аялж басхүү Монголтойгоо харьцуулж сууснаа хуваалцахыг хүссэн юм. 

Киноны үйл явц 

1979 онд Ираны ард түмэн дарангуйлагч Шахыг эсэргүүцэн хаан ширээнээс буулгаж ардчилсан орон байгуулна. Гол дүр Маржаны өвөө, авга ах Ануш нар нь коммунист байсан учир Шахын дарангуйллын үед улс төрийн хоригдол болсон байдаг. Харин Шах хаан ширээнээсээ бууснаар түүний хамгийн дотны хүн болох авга ах Ануш нь суллагдаж хамтдаа байх болсноор Маржаны улс төрийн үзэл бодол нь төлөвшиж эхэлнэ. Харамсалтай нь Ираны төрийн удирдагчид Шахын аюулаас сэргийлэх, ардчиллыг хамгаалах хамгийн зөв зам бол коммунистууд, тэрс үзэлтнүүдийг зайлуулж, эв нэгдэлтэй байж, шашныг дээдлэх явдал хэмээн үзсэнээр үзэл бодлоосоо болж баривчлагдан хоригдогсдын тоо өсч эхэлнэ. Маржаны авга ах Ануш дахин баривчлагдан, улмаар цаазаар авахуулж, Иран, Иракийн дайн эхэлсэн учир түүний эцэг эх охиноо Европт сургахаар болдог. Явахад нь түүний эмээ "Өөрөөрөө л бай, өөртөө үнэнч бай" хэмээн сургана, харин аав нь "Хаанаас ирснээ, хэн бэ гэдгээ хэзээ ч битгий март" хэмээн захьдаг.
Маржан Франц, Австри-д суралцан, суралцах явцдаа панк рок, хиппи нартай найзалж барууны соёл, түүхтэй танилцан, Сартр, Фройдыг уншина. Тэр өөрөө өөрийгөө л хайсаар байгаа нь тэр. Бүтэлгүй хайр дурлалын шархтай, сэтгэл, оюун нь туйлдаа хүртлээ ядарч, "том болсон" эмэгтэй гэртээ эргэн ирэхэд Иран орон түүний хүүхэд ахуй цагаас тэс өөр болсон байна. Эмэгтэйчүүд толгойн алчуур зүүж, архи хэрэглэх, барууны ном, сэтгүүл унших, хөгжим сонсох, үдэшлэгт явах, гэрлээгүй л бол эрэгтэй хүнтэй хамт байхыг хориглож, эмэгтэйчүүдтэй дээрэнгүй харьцаж, хаа сайгүй тагнуулууд, цэргүүд хөлхөнө. Түүнд эрх чөлөө хэрэгтэй байлаа. Тэр хайрт гэр бүлээ дахин орхиж, заримыг нь дахиж хэзээ ч харалгүй Франц руу явлаа.

Монголын талаар эргэцүүлэхийн учир нь 

Ардчилалын 25 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд "ардчилал бидэнд юу өгөв?" хэмээх асуултыг олон хүн өөрөөсөө асууж байгаа байх. Миний хувьд социализмын үед амьдарч үзсэн хэдий ч ухаан ороогүй байсан учир юугаа ч мэдэх вэ. Харин өмнөх үе, ээж аав, эмээ өвөөгийн маань ажиллаж, сурч залуу насаа өнгөрөөсөн тэр нийгэм одооноос юугаараа ялгаатай байв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээчийг үл мэдэн, "чөлөөт ардчилсан сонгууль" гэж нэрлэсэн хэдий ч намын төв хорооны дэвшүүлсэн хүнийг л сонгож дэглэлттэй жүжгийн нэг хэсэг болж, хүссэн мэргэжлээрээ суралцах, хүссэн газраа амьдрах, аялах боломжгүйн дээр хайртай хүнтэйгээ гэрлэх, хэдэн хүүхэд төрүүлэхээ ч өөрөө шийдэх боломжгүй байсан үе ердөө 25 жилийн өмнө шүү дээ. Харин саяхан мэдээгээр "ардчилалд итгэх иргэдийн итгэл буурч, сүүлийн судалгаагаар энэ тоо 80 хувьтай гарчээ" хэмээн сонслоо. Энэ үнэн гэж үү? Бид эргээд тоталитар дэглэмээ хүсэмжлээд эхэлсэн гэж үү? Авлига хээл хахууль, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гээд нийгмийн сөрөг асуудлууд бидний амьдралд ил болж, өрсөлдөх чадвар нь амьд үлдэх эсэхийг шийдэж байгаа өнөө үед зэрлэг капитализм гээч нь ардчилалын л гавьяа гэсэн сөрөг мессаж улс төрчид, сэхээтнүүд, бизнесмэнүүдээс эхлээд жирийн иргэн хүртэл ардчилалыг буруутгаж эхэллээ. Эхэллээ ч гэж дээ аль хэдийнэ эхэлчихсэн байсан нь одоо дуу дуугаа авалцаад хүрээгээ тэлсээр байна. Ардчиллын манлайлагчдын нэг "Иргэний боловсрол төв"-ийн тэргүүн Р.Нарангэрэл эгч нэгэнтээ "Бид ямар азаар парламентын засаглалыг сонгоо вэ? Болсон болоогүй, зөв буруу ч гэсэн парламентын гишүүд өөр хоорондоо хэлэлцэж, хэрэлдэж байж бидэнд ашигтай шийдвэр гаргаж байна шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол монголын ардчилал энэ хүртэл явахгүй байх байсан" хэмээн хуучилж байсан юм. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжигсэд олширсоор, "олон хүн идсэнээс нэг хүн идсэн нь дээр", "монголд дараагийн Чингис хэрэгтэй байна", "монголчуудад хатуу гар л хэрэгтэй" гэх мэт логикгүй, хэт сүржин уриа лоозон ихсээд байгаагийн сөрөг тал нь юу вэ? Персеполис дээр Ираны шинэ Засгийн Газар "Ардчиллыг хамгаалахын тулд шашин, үндэсний үзэл 2 хэрэгтэй" хэмээн үздэг. Тийм ч учраас тэд эрх чөлөөг золиослодог. Харин Монголд ардчиллыг хэн, яаж хамгаалах вэ?

Персеполисыг үзэж байхдаа "Хэрвээ Монголд Иран шиг нөхцөл байдал ирвэл би яах вэ?" хэмээн өөрөөсөө асуусан. Гаргалгаа нь Маржаны сонгосон зам байсан, магадгүй би түүний эцэг эхийн оронд байсан бол тэдэн шиг л шийдвэр гаргах байсан. Эрх чөлөөгөө хамгаалах нь хэцүү болсон үед эх орноо эрх чөлөөгөөрөө солино. Аливаа сонголт өөрийн гэсэн золиосыг шаарддаг шүү дээ. 



No comments:

Post a Comment