Гэр бүлийн хүчирхийллийн талаар бичихээс өмнө жендэрт
суурилсан хүчирхийллийн талаар бичих хэрэгтэй болно. Харин энэ тухай ярихын
өмнө эхлээд “жендэр” хэмээх нэр томьёог тайлбарлах шаардлага гарч ирнэ.
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар:
- “жендэр” гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг” хэлнэ хэмээжээ
Өөрөөр хэлбэл, жендэр гэдэг нь нийгмийн ойлголт бөгөөд тухайн хүнд
биологийн хүйснээс нь хамааран нийгмийн зүгээс тулгаж буй дүрийн (үүргийн) талаарх ойлголт
юм. Жишээ нь: эмэгтэй хүүхдийг эмэгтэйлэг байхад сургадаг бол эрэгтэй хүүхдийг
ирүү эршүүд болгон төлөвшүүлдэг. Энэ нь цаанаа жинхэнэ эмэгтэй, жинхэнэ эрэгтэй
гэсэн ойлголтыг агуулсан байдаг. “Жинхэнэ эмэгтэй” ариун нандин, уян зөөлөн,
цэвэрч, гэрийн ажил, хоол сайн хийдэг, эмэгтэйлэг шинж чанартай гэх мэтээр
эмэгтэй гэсэн хүйсэд илүү тулгуурласан шинж чанартай байх тухай бөгөөд нөгөө
талд “жинхэнэ эрэгтэй”-н ойлголт нь хүч чадалтай, эрх мэдэлтэй (өрхийн
тэргүүний зан чанар, шинжийг агуулсан байх) чанга хатуу гэх мэтийн зан чанартай
байхыг илүүд үздэг. Үүнээс үүдэн дараах хуулийн заалтыг тайлбарлах гэж оролдье. “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4.1.8-д
зааснаар “жендэрт суурилсан хүчирхийлэл” гэж жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие
махбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж
болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ хэмээжээ. Үүнийг задалж үзвэл,
- Жендэрээс үүдэлтэйгээр (эрэгтэй, эмэгтэй хүйснээс хамаарсан жендэрийн хэвшмэл ойлголтод тулгуурлан), бусдад бие махбодийн ( зодох, занчих, эрүүдэх гэх мэт) бэлгийн (бэлгийн хүчирхийлэл, бэлэг эрхтэн зэрэмдэглэх, эр бэлэг эрхтэнг засах гэх мэт) сэтгэл санааны гэм хор (сүрдүүлэх, дарамтлах, айлгах, ичээх гэх мэт) эдийн хохирол (хүйсээр ялган цалин хөлс өгөх гэх мэт) учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг (заавал үйлдэл байх албагүй бөгөөд эс үйлдэл буюу хандлага, үг хэл ч байж болно)
Товчхондоо түүхийн явцад жендэрт суурилсан хүчирхийллийн
хохирогчид нь ихэнхдээ эмэгтэйчүүд байсан учир эмэгтэйчүүдийн түүхэн нөхцөл
байдал, нийгэмд эзэлж буй байр сууринд тулгуурлан эмэгтэйчүүдийн эсрэг
үйлдэгддэг хүчирхийлэлийг бүхэлд нь ийнхүү нэрлэн авч үздэг ч орчин үед жендэрт
суурилсан хүчирхийлэл нь илүү өргөн хүрээнд яригддаг болсон. Энэ талаар дараа
бичнэ. Харин өнөөдрийн бичлэгийн гол хэсэг болох гэр бүлийн хүчирхийлэл, түүний
шалтгаан, үр дагавар, гарах гарцын талаарх сэдэвтээ эргэн орье.
Гэр бүлийн хүчирхийлэл – Олон нийтийн хандлага
Хамаатны эгч, найз охин, танил, хөршийн эмэгтэй гээд
нөхөртөө, найз залуудаа зодуулсан эсхүл доромжлуулсан жишээ өнөөгийн нийгэмд
бидний эргэн тойрон байдаг л зүйл мэтээр ойлгогдож ирсээр байгаа нь хачирхалтай
биш гэж үү. Зарим нь энэ үзэгдлийг ардчилсан нийгэмтэй холбон тайлбарлаж
байхад, зарим нь барууны соёлоос үүдэн орж ирсэн гэх, нөгөө нэг нь кино,
мэдээллийн хэрэгслээр дамжин нийгэмд түгээд байгаа үзэгдэл гэж ойлгож, өөрөөс
нь л хол байвал боллоо мэтээр аяглах нь харамсалтай. “Ларьдма” киног гарсны
дараа “энэ кино хүчирхийллийг сурталчиллаа”, “ийм үзэгдэл нийгмийн доод
давхарга, архичин, гудамжныханд л байдаг”, “ийм үзэгдлийг нуух хэрэгтэй ил
гарах тусмаа ихэснэ” хэмээн үзэгсэд миний эргэн тойронд зөндөө байсан нь эхлээд
гайхахад дараа нь харуусахад хүргэж байлаа.
Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх гаж үзэгдлийг ил болгохгүй бол улам л угжирч нуугдмал болж хууль хяналтаас гадуур “гэмт хэрэг” болон хувирдаг. Харамсалтай нь монгол соёл үүнийг “гэмт хэрэг” гэж үзэхгүй байна. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээх сэтгэхүйгээрээ бид охид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хүчирхийллийн хохирогч болгосоор л байна. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн эхнэр- нөхрийн хооронд үйлдэгддэггүй. Энэ үзэгдэл найз залуу, охин, хамтран амьдрагчид, хүргэн, бэр, эцэг эх, хадам эцэг, эх, хүүхэд, өвөө эмээ гээд гэр бүлийн бүхий л гишүүдэд хамаатай. Харин бидний уламжлалт соёлоор өндөр настангууд, хүүхэд хүчирхийлэлд өртөж байвал нийтээрээ ил гаргаж жигшдэг хирнээ эхнэр нөхрийн хоорондох асуудалд орооцолдох дургүй байдаг. Энэ нөгөө л уламжлалт үзэл хандлагатай маань холбоотой. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал байсан Д.Энхжаргал эгч НҮБ дээр болсон нэгэн уулзалтын үеэр 2000 оноос хойш манай байгууллагаар үйлчлүүлэгчдийн нас залуужиж байгаа. 20-35 настай залуу эмэгтэйчүүд хохирогч болж ирэх нь ихэслээ хэмээн ярьж байсан юм. 20-35 насны залуу эмэгтэйчүүдийн хамтрагч нь тэгвэл хэдэн настай байх вэ? мэдээж үеийнхэн нь л байж таарна. Тэгэхээд 20-35 настайчууд яагаад хүчирхийлэгч, хүчирхийллийн хохирогчид болох нь ихэсвээ? гэсэн асуулт урган гарах байх. Бидний төлөвшсөн үе гэхээр 1990-ээд он шүү дээ. Нийгэм эдийн засгийн их шуурга, амьдрахын төлөөх мөнгө олох их тэмцэл дунд өнгөрсөн бидний өсвөр нас, эцэг эхийн маань нөр их хөдөлмөр, нөгөө талаар мөнгөнөөс гэр бүл, үр хүүхдээ золионд гаргасан үе байсан. Эдийн засгийн байдал дордох тусам нийгэм дэх хүчирхийллийн гэмт хэрэг өсдөг хэмээн социологичид дүгнэдэг. Харин манай улс “шилжилтийн” хэмээн нэрлэсэн үе одоо хүртэл үргэлжилсээр л байна.
Нөгөө талаас гэр бүлийн харилцаанд нөхөр эхнэрээ, эцэг эх хүүхдээ өөрийн өмч хэмээн үздэг үзэлтэй холбоотой. Энэ нь эцгийн эрхт ёс буюу өрхийн тэргүүний өмчинд гэр бүлийн бусад гишүүд багтдаг хэмээх уламжлалт ойлголт, хэв шинжтэй холбоотой юм. Өмчлөх сэтгэлгээ нь овгийн байгууллын үеэс буюу хөдөлмөрийн хуваарь, хувийн өмч үүссэнтэй холбоотой үүссэн гэж судлаачид үздэг бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн онцлогтой холбоотойгоор үүссэн хандлага. Эмэгтэй хүн бол өмч. Бие биендээ бэлэглэж, зарж болдог эд бараа. Тэр охин байхдаа эцгийнхээ, дараа нь нөхрийнхөө, нөхрийнхөө дараа хүүгийнхээ өмч нь болдог. Нөгөө талаар тэр нөхөр нь нас барсан тохиолдолд левират шинж буюу Монголын уламжлалд “асрахуй ёс” хэмээн нэрлэгдсэн нөхрийнхөө талын хамаатны “ивээл”-д ордог байсан, нөхөр нас барсан тохиолдолд эхнэрийг нь хамт оршуулдаг гэх мэтчилэн эмэгтэй хүнийг эд бараа мэтээр үздэг соёл олон газар оронд байсан байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл африкийн зарим орны соёл дахь “эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх” ёс юм. Энэ нь эмэгтэй хүн бол зүгээр л нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэж, эрэгтэйд үйлчлэх, тэдний эрх ашгийн төлөөх бүхий л зүйлийг үг дуугүй биелүүлэх ёстой “хэрэгсэл” мэтээр үзэж байна.
Энэ хандлага нь гэр бүл дотор орохоор эрх мэдлийн ялгаатай байдал аажмаар угжирч хүчирхийлэл болон илрэн гардаг. Эмэгтэй хүн ямагт эрэгтэй хүнээс дорд тул түүний үгийг зөрж болохгүй, түүнээс илүү эрх мэдэлтэй байж, мөнгө олж болохгүй, түүний хараа хяналтанд байж, хэлснээр нь, зарчмаар явж түүнээс салахгүйгээр хамт байх ёстой. Учир нь эмэгтэй хүн өөрийнхөө хамаарч байгаа эрэгтэйн өмч. Энэ хандлага нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болдог. Харин олон нийтийн хандлагаар гэр бүлийн асуудалд хэн ч орох эрхгүй. Хоёр хүн харилцан тохиролцож, сайн дураараа нэг гэрт амьдарч байвал бусад хүмүүст хамаагүй гэсэн хандлагатай байдаг. Харамсалтай нь нэг нь нөгөөдөө хүч хэрэглэж, эрх чөлөө, эрхэм чанарыг нь үгүйсгэж байвал энэ “гэмт хэрэг” болно. Гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ.
Нэгдүгээр хэсэг төгсөв.
No comments:
Post a Comment