Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Tuesday, May 5, 2015

Улаан сухай-н тэмдэглэл

Анчи Мин "Улаан сухай" номыг хэд хоногийн өмнө уншсан юм. Тэгсэн нэг юм бодогдоод бүр салдаггүй. Ээж маань хөдөө сумын дунд сургууль төгсөөд 40 хүүхдийн дунд гуравхан ирсэн техникумын хуваарь авсан бөгөөд энэ хуваарийн үнэнд түүний 2 дүү нь сургуулиа төгсөөд шууд мал дээр гарсан гэдэг. Харин "Улаан сухай"-г жүжигт тоглохоор болон Шанхайд шилжиж ирэхэд нь түүний оронд дүү нь хүчээр тариачин болдог нь дээрх жишээтэй төстэй санагдлаа.

Багшийгаа ардын дайсан хэмээн гүтгэж буй 12хан настай охин, америкийн өлсгөлөн хүүхдэд тусламж үзүүлэхээр өдөр шөнөгүй ямар ч үржим шимгүй газар тариа тарих тариачид, Мао даргын зурагтай сонинг 00 орохдоо ашигласан учир шийтгүүлж буй нь, "улс төрийн хувьд тун найдвартай хүн" болохоо батлах харуулахыг оролдох өрсөлдөөн, үр дүнд нь "Би"-гээ алдсан, амьдралаа, өөрийгөө ойлгохоо больсон саарал хүмүүсийн дэгэн догон өнгөрөх өдрүүд гээд л.

Раздинскийн "Сталин", Юн Чан, Жон Холидэй "Хэний ч мэдэхгүй Мао", Барбара Дэмик "Атаархах зүйл үгүй", Александр Солженицын "Гулаг олтриг" зэрэг номнуудаас нэг л зүйл ханхалдаг. Жорж Орвел "1984"-г анх уншихдаа зөгнөлт зохиол гэж уншиж билээ. Тэгсэн аман түүх, тэмдэглэл, дурдатгалаар бүтсэн дээрх номууд түүнийг зөгнөл биш байсныг улам бүр батлаж байх. Өмнөх нийгмээ, өнгөрсөн түүхээ шүүх гэсэнгүй харин ардчилсан нийгэмд буй бид чөлөөт сонголт хийх, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Массыг өөртөө татах, тархийг угаах амархан учир чихэн дээр цэцэг ургуулж байгаа эсэхийг оюун ухаанаараа тунгаан бодож байх ёстой. Энэ нь бидний эрх чөлөөний төлөөс юм.

No comments:

Post a Comment