Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Thursday, August 20, 2015

Өөдөө тэмүүл бүсгүйчүүд ээ!

Sheryl Sandberg ийн Lean In номыг уншиж дуусав. Их ч зүйлийг эргэцүүлж эхлэх, өөрөө өөрийгөө эргэж харах, харилцааг, нийгмийг цоо шинээр биш гэхэд аливаа зүйлийг харах өнцгөө засахад туслав.

Эмэгтэйчүүдийн үзэл санааны нэгдэл хэрэгтэй байгааг ч үнэндээ хүлээн звшөөрөв. Амжилттай яваа эмэгтэйчүүдийн араас чангаагсад нь эрэгтэйчүүд бус эмэгтэйчүүд байх нь элбэг. Хэдэн жилийн өмнө МОНЭС-ээс санаачлан хэрэгжүүлж байсан төсөлд оролцож байхдаа "Хүйс хоорондын дайн" гэсэн гарчигтай бичвэр таталж байснаа санав. Харин өнөөдөр миний буруу байсан нь, "хүйс хооронд"-ын биш "хүйс доторх дайн" \us vs us\ болоод байгаа нь сошиал нэтворкоос ч төдийгүй ажлын байр, нийгмийн харилцаанд ч харагдах нь элбэг. Энэ хандлага л эмэгтэй хүн бол: аар саар зүйлд санаа тавьдаг, тулга тойрсон, атаархуу, хов живэнд дуртай гэх мэт сөрөг хаяг зүүгээд байгаагийн угтвар гэлтэй. "... Хүний хүйс гэдэг бүдүүлэг, тоомжиргүй, эсвэл сул зан харилцааг дэвэргэх буюу зөвтгөх, буруутгах эсвэл шүүх шалтгаан болох ёсгүй. Бид мэргэжлийн ёс суртахуун, эелдэг занг бүх хүмүүсээс эн тэнцүүхэн хүсэх учиртай." хэмээн дээрх номонд бичжээ.

Бас "Эрх мэдэлтэй хэн ч бай, нэр үгийг буюу хэм хэмжээг өөрийн болгодог бол хүч султай нэг нь тэмдэг нэрийг авдаг." хэмээн Глориа Стейнэмийн үг ихийг бодууллаа. Бодоод үзэхнээ бидний хэн нь ч эрэгтэйчүүдийг магтах сайшаахдаа "мундаг эрэгтэй" гэж хэлдэггүй мөртөө эмэгтэйчүүдийг магтахдаа "эмэгтэй" гэх тодотголыг өөрийн мэдэлгүй л хэлдэг. Хүнийг, хүний ажлыг, хүний амжилтыг хүйсэээр нь тодотгох нь хэр оновчой нэршил вэ? Эмэгтэй гишүүд, эмэгтэй захирал, эмэгтэй бизнесмэн \business man\, эмэгтэй ажилтан ... гэх мэтээр цуварсаар л байна. "Эмэгтэй" гэх тодотголыг хэрэглэлгүйгээр зүгээр л УИХ-ын гишүүн, захирал, бизнес эрхлэгч гэж яагаад нэршиж болохгүй гэж...
Энэ мэт олон зүйл бодуулсан ном байлаа.Эрэгтэй ч бай, эмэгтэй бай ажил дээрээ амжилт гаргах, ар гэртээ анхаарал халамжтай сайн эцэг эх байхыг хүссэн хэн бүхэн уншаасай. Орчуулсан биш монгол хэлээр бичигдсэн мэт сайхан орчуулсан Д.Ганзориг ахлагчтай орчуулгын багийханд баярлалаа. https://www.facebook.com/LeanInMongolia

20 facts about myself

1. Мона-гийн өмнөх үг нь маш их таалагдсан учир бичиж байгаа нь энэ.
2. Миний овгийг Ч гэдэггүй. Зүгээр л анх ФБ нээхдээ Ch гэчихсэн. Ямар ч утга илэрхийлээгүй.
3. Өндөр 165 см, миний мэдэхийн 7-р ангиасаа хойш ийм л байгаа.
4. Хүний нэр, зүсийг тогтоохдоо маш муу. Тийм болохоор нэг хүнтэйгээ дахин дахин танилцах тохиолдол цөөнгүй.
5. Ихэнх хүмүүс хавар синдромтдог бол би намар синдромтох гээд байдаг талдаа. Гэхдээ яагаадыг нь одоо болтол олж мэдээгүй.
6. Дөрвөн улиралтай оронд төрсөндөө баярладаг ч намраас бусад улирлуудад дургүй. Дуртай улирал минь эхэлж байна :))
7. Унтах маш их дуртай, өглөө эрт босохыг үзэн яддаг байсан ч нас яваад эрт сэрдэг болсон.
8. Хүүхэлдэйн кинонд одоо болтол дуртай, цаашдаа ч тийм байна гэж бодож байна.
9. Хаяадаа их мэдэгч болчихдог. Гэхдээ энэ багш нарын өвчин гэж боддог tongue emoticon
10. Нийгмийн идэвхтэй, өөрийгөө феминист гэж боддог.
11. МУИС-ын 2-р байранд ээж анх оочерлоогүй байсан бол би нийгмийн чиглэлээр явахгүй цэрэг, тагнуулч, шинжээч, загвар зохион бүтээгчийн аль нэг нь байх байсан.
12. Өнөөдрөөрөө амьдрах дуртай. Ийм байхыг ямагт хичээдэг. Өнгөрсөндөө харамсдаггүй. Өнгөрсөн байгаагүй бол өнөөдрийн би байхгүй гэж боддог бас итгэдэг.
13. Шашингүй үзэлтэн, гэхдээ бусдын шашныг хүндэлдэг. Христ, будда, бөө, тэнгэр шүтлэгтэн гээд олон найз нөхөдтэй.
14. "Хүн ямар зам туулсныг мэдэхгүй байж хэзээ ч битгий шүү" гэдэг зарчмыг баримтлах гэж хичээдэг.
15. Хоёр дүүтэй, тэдэндээ хайртай. Гэхдээ хэлж байгаагүй санагддаг.
16. Абсурд, сурреалист чиглэлийн кино, зохиолуудад дуртай гэхдээ байнга үзэж, уншдаггүй. Хэтэрхий хүнддэх гээд байдаг юм.
17. Өөрөө хийж чадах зүйлээ гуйсан хүнд тусалдаггүй. Үүнээсээ болоод хүмүүсийн дургүйг олон удаа хүргэж байсан.
18. Эгойст буюу амиа бодсон гэсэн үгийг олон сонсож байсан ч үнэн учир гомдож байгаагүй.
19. Япон эсвэл солонгос хүн үү гэсэн үгийг уйдатлаа сонсож байсан. Яагаад тэдгээр үндэстэнтэй адилхан харагдаад байгаагаа ойлгодоггүй.
20. Эцэст нь ийм факт бичих гэдэг чинь зугаатай хэрэг байна.

Хүүдээ 1

Хүүдээ бэлдсэн миний ертөнцөд
Бороо шивэрдэг, бодол амилдаг
Уулс үүлс тайвшралыг өгч
Ухаарлыг хүн өөрөө олж авдаг

Хүүдээ бэлдсэн миний ертөнцөд
Хүн чанар ноёлдог, хүсэл биелдэг
Хүндлэл буцалдаг

Хүүдээ бэлдсэн миний ертөнцөд
Бардамнал ул болж бахархал хүч өгдөг
Хайраас хайр дэлгэрдэг
Харин хүн өөрийгөө өөрөө бүтээдэг

Хүүдээ бэлдсэн бидний ертөнцийг
Хүлээц, хариуцлага, ухаан гэрэлтүүлж
Амлалт, итгэл, аз жаргал гийгүүлдэг.

Tuesday, May 5, 2015

"Хайрлах" урлаг уу?

Бараг арваад жилийн өмнө уншиж байсан номоо дахин "цоо шинэ"-ээр уншив. Энэ бол Эрих Фромм-ын "Хайрлах урлаг". Эрих Фромм номынхөө өмнөх үгэнд "Хайртай гэж буй хүн өөрөө хэний ч өмнө хүлцэл өчдөг, зоригтой, цаашлаад итгэл үнэмшилтэй, хамгийн чухал нь хувийн сахилга баттай байх хэрэгтэй" гэжээ. Харин тэрээр "өнөө"-гийн нийгэмд эдгээр шинж ховордсон гэсэн. 1950-аад онд бичигдлсэн уг зохиолын "өнөө"-гийн нийгэм гэсэн ойлголт бидний амьдарч буй өнөө үеийг ч мөн хэлээд байгаа мэт.

Мөн тэрээр "ихэнх хүмүүсийн хувьд хайрын асуудал нэн тэргүүнд өөрийгөө хайрлуулах асуудал байдаг болохоос биш "хайрлах" болон "хайрлаж чадах" тухай асуудал биш аж".
Тиймээс бид хэрхэн дур булаам болох, хэрхэн өөртөө бусдыг татах, хайр татах вэ гэдэгт хэт их анхаарч эрэгтэйчүүд нь баян, амжилттай, эрх мэдэлтэй болохыг, эмэгтэйчүүд нь гоо үзэсгэлэнтэй, гоё ганган, тачаангуй болохыг хичээсээр байна. Өөрийгөө л хайруулахыг хүссэн асар олон арга зам нь амжилтанд хүрэх, найз нөхөдтэй болох бусад арга замуудтай төстэй байгаа нь "хайр бол чадварын асуудал биш", хайрыг олох буюу зөв хүнээ олох хэцүү болохоос хайрлах, хайрлуулах нь энгийн амархан зүйл гэсэн төөрөгдөлд биднийг авчирч байна хэмээжээ. Харин үүнийг бидний "харилцан ашигтай байх" ёстой харилцааны зарчим, соёл дээр тулгуурлаж буй нь хайр-ыг үнэгүйдүүлж байна хэмээн үзэн энэхүү номоо бичжээ.
Ном дараах 4 хэсгээс бүрдэнэ.

1. Хайрлах гэдэг урлаг уу?
2. Хайрын тухай онол
а. Хайр хүний оршихуйн асуудлын хариулт болох нь
б. Эцэг эх болон хүүхдийн хоорондын хайр
в. Хайрын обьектууд
3. Хайр ба өрнөдийн нийгэм дэх түүний үнэгүйдэл
4. Хайр практик амьдрал дээр


Миний хувьд өөрт таалагдсан зарим эшлэлүүдийг дор хуваалцахыг хүслээ.

- Хайрлах гэдэг нь хүний өөрийн бикэр үзэж туулах зүйл бөгөөд энэ нь сахилга бат, төвлөрөл, тэвчээр, түүнийг чухалд үзэх.  

- Сахилга батгүйгээр амьдрал бүхэлдээ эмх замбараагүй болж зөрчилдөөн үүснэ. Сахилга бат нь хүнд зайлшгүй чухал зуршил бөгөөд гэхдээ энэ нь гаднаас тулгасан бус өөрийн хүслийн дагуу байвал тустай.

- Нийгэм биднийг сарнисан, төвлөрөхөөргүй амьдралын хэв маяг руу түлхдэг. Төвлөрнө гэдэг нь өөртэйгээ ганцаараа байж чадах гэсэн үг. Энэ нь хайрлаж чадах суурь нөхцөл болдог аж. Анхаарал төвлөрнө гэдэг нь энэ цаг мөчид бүхлээрээ амьдрахыг хэлнэ. Яг энд, яг одоо. Өөрийгөө мэдэрч чадахгүй хүн төвлөрөлд суралцаж чадахгүй.

- Хүн богино хугацааны үр дүнгийн араас хөөцөлдвөл хэзээ ч үр дүнд хүрэхгүй.

- Урлагийг дээдлэн чухалд үзэхгүйгээр суралцагч урлагт хэзээ ч эзэмшиж чадахгүй.

- Өөрийн нарциссаа дарж, хүлээцтэй байж, обьективаар харах чадвар, ухамсараа хөгжүүлвэл бусдыг хайрлаж чадна.

- Өөрийнхөө амьдралыг хүлээн зөвшөөрч, өөрийн аз жаргал, өсөлт хөгжлийг болон өөрийнхөө эрх чөлөөг зөвшөөрч буй явдал хайрлах чадварын эх үндэс. Энэ нь өөрөө өөртөө халамжтай байж, өөрийгөө хүндэтгэж, өөрөө өөртөө хариуцлагатай байж, өөрийгөө таньж мэдэх гэсэн ойлголт.

- Хэрвээ хүн зөвхөн бусдыг л хайрладаг гэвэл тэр хүн хайрлаж чаддаггүй хүн.   

- Хүнийг амлалт өгөх чадлаар нь тодорхойлох боломжтой. Хэн өөрөө өөртөө үнэнч байна. Тэр хүн бусдад үнэнч байж чадна. Ийм хүмүүс ирээдүйд ч өнөөдрийнхөөрөө байж чадна.

- Хайр итгэлийн үйлдэл. Өчүүхэн итгэлтэй хүний хайр ч бас өчүүхэн.
Хайр гэдэг идэвхтэй ажиллагаа буюу идэвхтэй үйлдэл.

- Хайр өнөөгийн нийгэмд ховорхон үзэгдэл бөгөөд хүний оршихуйн асуудлын цорын ганц рационал хариулт нь хайр.

- Хүн юуны төлөө хичээсэн бэ? түүндээ хайртай. Тиймээс хүн юуг хайрладаг бэ? түүнийхээ төлөө хичээдэг.

- Хэн нэгэнд хайртай болно гэдэг ... шийдэл, ялгах чадвар, амлалт.
 
- Ээж хүн хүүхдээ бусдаас хараат байдлаар нь өөгшүүлэн насанд хүрэхэд нь саад болохгүй байх хэрэгтэй. Ээж хүн өөрөө амьдралд итгэх итгэлтэй байх нь чухал.

- Хүүхдийнхээ амьдралыг хүлээн зөвшөөрөх нь 2 талтай. 1-рт, хүүхдийнхээ амьдралыг өсөж хөгжихөд зайлшгүй шаардлагатай халамж болон хариуцлаг дээр анхаарах. 2-рт, хүүхдийг зөвхөн амьдруулж буйдаа бус түүнээс цаашихыг хүлээн зөвшөөрөх ёстой.

- Хүүхдэдээ бал бурам өгч чадахын тулд зөвхөн сайн ээж байгаад зогсохгүй аз жаргалтай ээж байх ёстой.

- Цаанаа зорьсон ямарч зорилгогүйгээр хайрласан хайрууд жинхэнэ өсөж дэлгэрэх хайрыг авчирдаг. 

- Жинхэнэ зөрчлүүд бүтээлч байдаг.

- Зөвхөн оршихуйн төвөөсөө гаралтайгаар хэн хэнтэйгээ холбогдож чадвал хосын хоорондох хайр дурлал боломжтой.   

Үүнээс бусдыг нь Та  бүхэн өөрсдөө уншаад хайрын талаар илүү ихийг ойлгож, түүнд суралцана гэдэгт итгэнэ.




Улаан сухай-н тэмдэглэл

Анчи Мин "Улаан сухай" номыг хэд хоногийн өмнө уншсан юм. Тэгсэн нэг юм бодогдоод бүр салдаггүй. Ээж маань хөдөө сумын дунд сургууль төгсөөд 40 хүүхдийн дунд гуравхан ирсэн техникумын хуваарь авсан бөгөөд энэ хуваарийн үнэнд түүний 2 дүү нь сургуулиа төгсөөд шууд мал дээр гарсан гэдэг. Харин "Улаан сухай"-г жүжигт тоглохоор болон Шанхайд шилжиж ирэхэд нь түүний оронд дүү нь хүчээр тариачин болдог нь дээрх жишээтэй төстэй санагдлаа.

Багшийгаа ардын дайсан хэмээн гүтгэж буй 12хан настай охин, америкийн өлсгөлөн хүүхдэд тусламж үзүүлэхээр өдөр шөнөгүй ямар ч үржим шимгүй газар тариа тарих тариачид, Мао даргын зурагтай сонинг 00 орохдоо ашигласан учир шийтгүүлж буй нь, "улс төрийн хувьд тун найдвартай хүн" болохоо батлах харуулахыг оролдох өрсөлдөөн, үр дүнд нь "Би"-гээ алдсан, амьдралаа, өөрийгөө ойлгохоо больсон саарал хүмүүсийн дэгэн догон өнгөрөх өдрүүд гээд л.

Раздинскийн "Сталин", Юн Чан, Жон Холидэй "Хэний ч мэдэхгүй Мао", Барбара Дэмик "Атаархах зүйл үгүй", Александр Солженицын "Гулаг олтриг" зэрэг номнуудаас нэг л зүйл ханхалдаг. Жорж Орвел "1984"-г анх уншихдаа зөгнөлт зохиол гэж уншиж билээ. Тэгсэн аман түүх, тэмдэглэл, дурдатгалаар бүтсэн дээрх номууд түүнийг зөгнөл биш байсныг улам бүр батлаж байх. Өмнөх нийгмээ, өнгөрсөн түүхээ шүүх гэсэнгүй харин ардчилсан нийгэмд буй бид чөлөөт сонголт хийх, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Массыг өөртөө татах, тархийг угаах амархан учир чихэн дээр цэцэг ургуулж байгаа эсэхийг оюун ухаанаараа тунгаан бодож байх ёстой. Энэ нь бидний эрх чөлөөний төлөөс юм.

Sunday, January 25, 2015

Гэр бүлийн хүчирхийлэл- Эрх мэдлийн гэмт хэрэг


Гэр бүлийн хүчирхийллийн талаар бичихээс өмнө жендэрт суурилсан хүчирхийллийн талаар бичих хэрэгтэй болно. Харин энэ тухай ярихын өмнө эхлээд “жендэр” хэмээх нэр томьёог тайлбарлах шаардлага гарч ирнэ. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд зааснаар: 
  • жендэр” гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг” хэлнэ хэмээжээ
Өөрөөр хэлбэл, жендэр гэдэг нь нийгмийн ойлголт бөгөөд тухайн хүнд биологийн хүйснээс нь хамааран нийгмийн зүгээс тулгаж буй дүрийн (үүргийн) талаарх ойлголт юм. Жишээ нь: эмэгтэй хүүхдийг эмэгтэйлэг байхад сургадаг бол эрэгтэй хүүхдийг ирүү эршүүд болгон төлөвшүүлдэг. Энэ нь цаанаа жинхэнэ эмэгтэй, жинхэнэ эрэгтэй гэсэн ойлголтыг агуулсан байдаг. “Жинхэнэ эмэгтэй” ариун нандин, уян зөөлөн, цэвэрч, гэрийн ажил, хоол сайн хийдэг, эмэгтэйлэг шинж чанартай гэх мэтээр эмэгтэй гэсэн хүйсэд илүү тулгуурласан шинж чанартай байх тухай бөгөөд нөгөө талд “жинхэнэ эрэгтэй”-н ойлголт нь хүч чадалтай, эрх мэдэлтэй (өрхийн тэргүүний зан чанар, шинжийг агуулсан байх) чанга хатуу гэх мэтийн зан чанартай байхыг илүүд үздэг. Үүнээс үүдэн дараах хуулийн заалтыг тайлбарлах гэж оролдье. “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4.1.8-д зааснаар “жендэрт суурилсан хүчирхийлэл” гэж жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ хэмээжээ. Үүнийг задалж үзвэл,
  • Жендэрээс үүдэлтэйгээр (эрэгтэй, эмэгтэй хүйснээс хамаарсан жендэрийн хэвшмэл ойлголтод тулгуурлан), бусдад бие махбодийн ( зодох, занчих, эрүүдэх гэх мэт) бэлгийн (бэлгийн хүчирхийлэл, бэлэг эрхтэн зэрэмдэглэх, эр бэлэг эрхтэнг засах гэх мэт) сэтгэл санааны гэм хор (сүрдүүлэх, дарамтлах, айлгах, ичээх гэх мэт) эдийн хохирол (хүйсээр ялган цалин хөлс өгөх гэх мэт)  учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг (заавал үйлдэл байх албагүй бөгөөд эс үйлдэл буюу хандлага, үг хэл ч байж болно)
Товчхондоо түүхийн явцад жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид нь ихэнхдээ эмэгтэйчүүд байсан учир эмэгтэйчүүдийн түүхэн нөхцөл байдал, нийгэмд эзэлж буй байр сууринд тулгуурлан эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийлэлийг бүхэлд нь ийнхүү нэрлэн авч үздэг ч орчин үед жендэрт суурилсан хүчирхийлэл нь илүү өргөн хүрээнд яригддаг болсон. Энэ талаар дараа бичнэ. Харин өнөөдрийн бичлэгийн гол хэсэг болох гэр бүлийн хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагавар, гарах гарцын талаарх сэдэвтээ эргэн орье.  

Гэр бүлийн хүчирхийлэл – Олон нийтийн хандлага 
Хамаатны эгч, найз охин, танил, хөршийн эмэгтэй гээд нөхөртөө, найз залуудаа зодуулсан эсхүл доромжлуулсан жишээ өнөөгийн нийгэмд бидний эргэн тойрон байдаг л зүйл мэтээр ойлгогдож ирсээр байгаа нь хачирхалтай биш гэж үү. Зарим нь энэ үзэгдлийг ардчилсан нийгэмтэй холбон тайлбарлаж байхад, зарим нь барууны соёлоос үүдэн орж ирсэн гэх, нөгөө нэг нь кино, мэдээллийн хэрэгслээр дамжин нийгэмд түгээд байгаа үзэгдэл гэж ойлгож, өөрөөс нь л хол байвал боллоо мэтээр аяглах нь харамсалтай. “Ларьдма” киног гарсны дараа “энэ кино хүчирхийллийг сурталчиллаа”, “ийм үзэгдэл нийгмийн доод давхарга, архичин, гудамжныханд л байдаг”, “ийм үзэгдлийг нуух хэрэгтэй ил гарах тусмаа ихэснэ” хэмээн үзэгсэд миний эргэн тойронд зөндөө байсан нь эхлээд гайхахад дараа нь харуусахад хүргэж байлаа. 

Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх гаж үзэгдлийг ил болгохгүй бол улам л угжирч нуугдмал болж хууль хяналтаас гадуур “гэмт хэрэг” болон хувирдаг. Харамсалтай нь монгол соёл үүнийг “гэмт хэрэг” гэж үзэхгүй байна. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээх сэтгэхүйгээрээ бид охид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хүчирхийллийн хохирогч болгосоор л байна. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн эхнэр- нөхрийн хооронд үйлдэгддэггүй. Энэ үзэгдэл найз залуу, охин, хамтран амьдрагчид, хүргэн, бэр, эцэг эх, хадам эцэг, эх, хүүхэд, өвөө эмээ гээд гэр бүлийн бүхий л гишүүдэд хамаатай. Харин бидний уламжлалт соёлоор өндөр настангууд, хүүхэд хүчирхийлэлд өртөж байвал нийтээрээ ил гаргаж жигшдэг хирнээ эхнэр нөхрийн хоорондох асуудалд орооцолдох дургүй байдаг. Энэ нөгөө л уламжлалт үзэл хандлагатай маань холбоотой. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал байсан Д.Энхжаргал эгч НҮБ дээр болсон нэгэн уулзалтын үеэр 2000 оноос хойш манай байгууллагаар үйлчлүүлэгчдийн нас залуужиж байгаа. 20-35 настай залуу эмэгтэйчүүд хохирогч болж ирэх нь ихэслээ хэмээн ярьж байсан юм. 20-35 насны залуу эмэгтэйчүүдийн хамтрагч нь тэгвэл хэдэн настай байх вэ? мэдээж үеийнхэн нь л байж таарна. Тэгэхээд 20-35 настайчууд яагаад хүчирхийлэгч, хүчирхийллийн хохирогчид болох нь ихэсвээ? гэсэн асуулт урган гарах байх. Бидний төлөвшсөн үе гэхээр 1990-ээд он шүү дээ. Нийгэм эдийн засгийн их шуурга, амьдрахын төлөөх мөнгө олох их тэмцэл дунд өнгөрсөн бидний өсвөр нас, эцэг эхийн маань нөр их хөдөлмөр, нөгөө талаар мөнгөнөөс гэр бүл, үр хүүхдээ золионд гаргасан үе байсан. Эдийн засгийн байдал дордох тусам нийгэм дэх хүчирхийллийн гэмт хэрэг өсдөг хэмээн социологичид дүгнэдэг. Харин манай улс “шилжилтийн” хэмээн нэрлэсэн үе одоо хүртэл үргэлжилсээр л байна.

Нөгөө талаас гэр бүлийн харилцаанд нөхөр эхнэрээ, эцэг эх хүүхдээ өөрийн өмч хэмээн үздэг үзэлтэй холбоотой. Энэ нь эцгийн эрхт ёс буюу өрхийн тэргүүний өмчинд гэр бүлийн бусад гишүүд багтдаг хэмээх уламжлалт ойлголт, хэв шинжтэй холбоотой юм. Өмчлөх сэтгэлгээ нь овгийн байгууллын үеэс буюу хөдөлмөрийн хуваарь, хувийн өмч үүссэнтэй холбоотой үүссэн гэж судлаачид үздэг бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн онцлогтой холбоотойгоор үүссэн хандлага. Эмэгтэй хүн бол өмч. Бие биендээ бэлэглэж, зарж болдог эд бараа. Тэр охин байхдаа эцгийнхээ, дараа нь нөхрийнхөө, нөхрийнхөө дараа хүүгийнхээ өмч нь болдог. Нөгөө талаар тэр нөхөр нь нас барсан тохиолдолд левират шинж буюу Монголын уламжлалд “асрахуй ёс” хэмээн нэрлэгдсэн нөхрийнхөө талын хамаатны “ивээл”-д ордог байсан, нөхөр нас барсан тохиолдолд эхнэрийг нь хамт оршуулдаг гэх мэтчилэн эмэгтэй хүнийг эд бараа мэтээр үздэг соёл олон газар оронд байсан байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл африкийн зарим орны соёл дахь “эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх” ёс юм. Энэ нь эмэгтэй хүн бол зүгээр л нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэж, эрэгтэйд үйлчлэх, тэдний эрх ашгийн төлөөх бүхий л зүйлийг үг дуугүй биелүүлэх ёстой “хэрэгсэл” мэтээр үзэж байна.

Энэ хандлага нь гэр бүл дотор орохоор эрх мэдлийн ялгаатай байдал аажмаар угжирч хүчирхийлэл болон илрэн гардаг. Эмэгтэй хүн ямагт эрэгтэй хүнээс дорд тул түүний үгийг зөрж болохгүй, түүнээс илүү эрх мэдэлтэй байж, мөнгө олж болохгүй, түүний хараа хяналтанд байж, хэлснээр нь, зарчмаар явж түүнээс салахгүйгээр хамт байх ёстой. Учир нь эмэгтэй хүн өөрийнхөө хамаарч байгаа эрэгтэйн өмч. Энэ хандлага нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болдог. Харин олон нийтийн хандлагаар гэр бүлийн асуудалд хэн ч орох эрхгүй. Хоёр хүн харилцан тохиролцож, сайн дураараа нэг гэрт амьдарч байвал бусад хүмүүст хамаагүй гэсэн хандлагатай байдаг. Харамсалтай нь нэг нь нөгөөдөө хүч хэрэглэж, эрх чөлөө, эрхэм чанарыг нь үгүйсгэж байвал энэ “гэмт хэрэг” болно. Гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ.   


Нэгдүгээр хэсэг төгсөв.