Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.

Tuesday, December 9, 2014

Персеполис ба Ардчиллыг хэн хамгаалах вэ?

Өнгөрсөн амралтын өдөр иргэний нийгмийн нэгэн залуу эмэгтэйд туслах хандивын үйл ажиллагаа болох кино хэлэлцүүлэгт очсон юм. "Алтан хальс" холбооны Дримерс Дэй-гээр өмнө нь гарч байсан Персеполис хэмээх "хөөрхөн" киног сонгожээ. "Өөрийгөө олох эрэлд" хэмээн тодотгосон энэхүү киног үзэх явцдаа инээж, уйлж, бодолд дарагдаж, дайчин, хэрсүү, тэрсүү Маржан хэмээх охины өөрийгөө олох аялалд хөтлөгдөж, Ираны ард түмний зовлон, зүдгүүр хийгээд богинохон түүхээр аялж басхүү Монголтойгоо харьцуулж сууснаа хуваалцахыг хүссэн юм. 

Киноны үйл явц 

1979 онд Ираны ард түмэн дарангуйлагч Шахыг эсэргүүцэн хаан ширээнээс буулгаж ардчилсан орон байгуулна. Гол дүр Маржаны өвөө, авга ах Ануш нар нь коммунист байсан учир Шахын дарангуйллын үед улс төрийн хоригдол болсон байдаг. Харин Шах хаан ширээнээсээ бууснаар түүний хамгийн дотны хүн болох авга ах Ануш нь суллагдаж хамтдаа байх болсноор Маржаны улс төрийн үзэл бодол нь төлөвшиж эхэлнэ. Харамсалтай нь Ираны төрийн удирдагчид Шахын аюулаас сэргийлэх, ардчиллыг хамгаалах хамгийн зөв зам бол коммунистууд, тэрс үзэлтнүүдийг зайлуулж, эв нэгдэлтэй байж, шашныг дээдлэх явдал хэмээн үзсэнээр үзэл бодлоосоо болж баривчлагдан хоригдогсдын тоо өсч эхэлнэ. Маржаны авга ах Ануш дахин баривчлагдан, улмаар цаазаар авахуулж, Иран, Иракийн дайн эхэлсэн учир түүний эцэг эх охиноо Европт сургахаар болдог. Явахад нь түүний эмээ "Өөрөөрөө л бай, өөртөө үнэнч бай" хэмээн сургана, харин аав нь "Хаанаас ирснээ, хэн бэ гэдгээ хэзээ ч битгий март" хэмээн захьдаг.
Маржан Франц, Австри-д суралцан, суралцах явцдаа панк рок, хиппи нартай найзалж барууны соёл, түүхтэй танилцан, Сартр, Фройдыг уншина. Тэр өөрөө өөрийгөө л хайсаар байгаа нь тэр. Бүтэлгүй хайр дурлалын шархтай, сэтгэл, оюун нь туйлдаа хүртлээ ядарч, "том болсон" эмэгтэй гэртээ эргэн ирэхэд Иран орон түүний хүүхэд ахуй цагаас тэс өөр болсон байна. Эмэгтэйчүүд толгойн алчуур зүүж, архи хэрэглэх, барууны ном, сэтгүүл унших, хөгжим сонсох, үдэшлэгт явах, гэрлээгүй л бол эрэгтэй хүнтэй хамт байхыг хориглож, эмэгтэйчүүдтэй дээрэнгүй харьцаж, хаа сайгүй тагнуулууд, цэргүүд хөлхөнө. Түүнд эрх чөлөө хэрэгтэй байлаа. Тэр хайрт гэр бүлээ дахин орхиж, заримыг нь дахиж хэзээ ч харалгүй Франц руу явлаа.

Монголын талаар эргэцүүлэхийн учир нь 

Ардчилалын 25 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд "ардчилал бидэнд юу өгөв?" хэмээх асуултыг олон хүн өөрөөсөө асууж байгаа байх. Миний хувьд социализмын үед амьдарч үзсэн хэдий ч ухаан ороогүй байсан учир юугаа ч мэдэх вэ. Харин өмнөх үе, ээж аав, эмээ өвөөгийн маань ажиллаж, сурч залуу насаа өнгөрөөсөн тэр нийгэм одооноос юугаараа ялгаатай байв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээчийг үл мэдэн, "чөлөөт ардчилсан сонгууль" гэж нэрлэсэн хэдий ч намын төв хорооны дэвшүүлсэн хүнийг л сонгож дэглэлттэй жүжгийн нэг хэсэг болж, хүссэн мэргэжлээрээ суралцах, хүссэн газраа амьдрах, аялах боломжгүйн дээр хайртай хүнтэйгээ гэрлэх, хэдэн хүүхэд төрүүлэхээ ч өөрөө шийдэх боломжгүй байсан үе ердөө 25 жилийн өмнө шүү дээ. Харин саяхан мэдээгээр "ардчилалд итгэх иргэдийн итгэл буурч, сүүлийн судалгаагаар энэ тоо 80 хувьтай гарчээ" хэмээн сонслоо. Энэ үнэн гэж үү? Бид эргээд тоталитар дэглэмээ хүсэмжлээд эхэлсэн гэж үү? Авлига хээл хахууль, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гээд нийгмийн сөрөг асуудлууд бидний амьдралд ил болж, өрсөлдөх чадвар нь амьд үлдэх эсэхийг шийдэж байгаа өнөө үед зэрлэг капитализм гээч нь ардчилалын л гавьяа гэсэн сөрөг мессаж улс төрчид, сэхээтнүүд, бизнесмэнүүдээс эхлээд жирийн иргэн хүртэл ардчилалыг буруутгаж эхэллээ. Эхэллээ ч гэж дээ аль хэдийнэ эхэлчихсэн байсан нь одоо дуу дуугаа авалцаад хүрээгээ тэлсээр байна. Ардчиллын манлайлагчдын нэг "Иргэний боловсрол төв"-ийн тэргүүн Р.Нарангэрэл эгч нэгэнтээ "Бид ямар азаар парламентын засаглалыг сонгоо вэ? Болсон болоогүй, зөв буруу ч гэсэн парламентын гишүүд өөр хоорондоо хэлэлцэж, хэрэлдэж байж бидэнд ашигтай шийдвэр гаргаж байна шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол монголын ардчилал энэ хүртэл явахгүй байх байсан" хэмээн хуучилж байсан юм. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжигсэд олширсоор, "олон хүн идсэнээс нэг хүн идсэн нь дээр", "монголд дараагийн Чингис хэрэгтэй байна", "монголчуудад хатуу гар л хэрэгтэй" гэх мэт логикгүй, хэт сүржин уриа лоозон ихсээд байгаагийн сөрөг тал нь юу вэ? Персеполис дээр Ираны шинэ Засгийн Газар "Ардчиллыг хамгаалахын тулд шашин, үндэсний үзэл 2 хэрэгтэй" хэмээн үздэг. Тийм ч учраас тэд эрх чөлөөг золиослодог. Харин Монголд ардчиллыг хэн, яаж хамгаалах вэ?

Персеполисыг үзэж байхдаа "Хэрвээ Монголд Иран шиг нөхцөл байдал ирвэл би яах вэ?" хэмээн өөрөөсөө асуусан. Гаргалгаа нь Маржаны сонгосон зам байсан, магадгүй би түүний эцэг эхийн оронд байсан бол тэдэн шиг л шийдвэр гаргах байсан. Эрх чөлөөгөө хамгаалах нь хэцүү болсон үед эх орноо эрх чөлөөгөөрөө солино. Аливаа сонголт өөрийн гэсэн золиосыг шаарддаг шүү дээ. 



Monday, November 24, 2014

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаарх мэдээлэл

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-аас буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдрөөс эхлэн Олон улсын Хүний эрхийн өдөр болох 12 сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилдэг.

Энэ аянд өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд 170 гаруй улс орны олон зуун  мянган байгууллага, хувь хүмүүс нэгдэж, хүний эрхийг ноцтой зөрчиж, ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байдаг уг  үзэгдлийн эсрэг дуу хоолойгоо нэгэн зэрэг илэрхийлдгээрээ онцлогтой. 16 хоногийн аяны хүрээнд дараах тэмдэглэлт өдрүүд тохиодог байна.

- 11 сарын 25 - Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
- 11 сарын 29 - Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
- 12 сарын 1 - ДОХ-ын эсрэг өдөр
- 12 сарын 2 - Боолчлолыг таслан зогсоох Олон улсын өдөр
- 12 сарын 3 - Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр
- 12 сарын 05 - Олон улсын сайн дурынхны өдөр
- 12 сарын 10 - Олон улсын хүний эрхийн өдөр

Үүсэл
1960 оны 11 сарын 25-нд Доминикан улсад хүний эрхийн төлөө тэмцэгч, нийгмийн зvтгэлтэн 3 эмэгтэйн амь насыг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, автомашины осол хэмээн мэдээлсэн байна. Хvний эрхийг ноцтой зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин зэвvvцсэн олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бvрийн 11 сарын 25-ны өдрийг Эмэгтэйчvvд, охидыг хvчирхийлэх явдалтай тэмцэх олон улсын өдөр болгох санаачлагыг анх дэвшvvлж байжээ.

Үүнээс хойш 20 жилийн дараа 1981 онд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эмэгтэйчvvдийн хөдөлгөөний бага хурал Колумбад болж, дээрх санаачлагыг дэмжсэн шийдвэр гаргаж, дэлхийн олон оронд 11 сарын 25-ны өдрийг Охид, эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг эсэргvvцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. 

10 жилийн дараа буюу 1991 онд Эмэгтэйчvvдийн Глобал манлайлал хvрээлэнгээс зөвхөн 11 сарын 25-ны өдрөөр хязгаарлахгvйгээр “Олон улсын хvний эрхийн өдөр” болох 12 сарын 10-ныг угтаж, 11 сарын 25-наас 12 сарын 10- ны өдөр хvртэл 16 хоногийн аяныг жил бvр явуулж байх санаачилга гарган уг ажлыг олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон байна.
 
Энэ үйл явдлаас хойш 8 жилийн дараа 1999 онд НVБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэхvv аяныг олон улсын хэмжээнд жил бvр дээрх хугацаанд зохион байгуулахаар батламжлан уриалсан юм. Одоо энэхvv аяныг дэлхийн 170 гаруй орон, 2000 гаруй байгууллага ижижл цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулж байна. 

Жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ?

Энэ нь эцгийн эрхэт ёсонд суурилсан үндэс угсаа, анги  давхарга, нас, хүйс, нийгмийн  гарал  үүслээр ялгаварлан гадуурхдаг тогтолцоо  буюу дарамтлал, дарангуйллын хэрэгсэл юм. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монголын нийгэмд хамгийн түгээмэл оршиж, өдөр тутам үйлдэгдэж давтагдан даамжирсаар байдаг хэрнээ хамгийн бага мэдээлэгддэг гэмт хэрэг юм.

16 хоногийн аян Монголд
Манай улс 1997 оноос эхлэн дэлхий нийтийн энэ хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд өнөөг хүртэл нийгэмд  гэр бүлийн хүчирхийлэл бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байран дахь  бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан хүчирхийллийн төрөл түгээмэл үйлдэгдсээр байна.  Хүчирхийлэлд өртсөн хохирогчид  хуулийн  хамгаалалтыг хүртэж  чадахгүй  хохирсоор байна. 2014 оны аяны хүрээнд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийн төслийг УИХ-аар батлуулах нөлөөллийн ажлын хүрээнд аяны оролцогч 25 ТББ-ууд тус тусдаа ажиллаж байна. 

Тоо баримт:
·  Монгол улсын хэмжээнд 2008-2012 оны эхний 7 сарын байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болжээ. Үүнээс 61 хүн амь насаа алдаж, 7 хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч, 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.
·    Хүчирхийллийн улмаас үүссэн дээрх гэмт хэргүүд буурахгүй байгаа нь нэг талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиудад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм, оновчтой зохицуулалт байхгүйтэй холбоотой.  Нөгөө талаас бид нийгэм, хамт олноороо хүчирхийллийн энэ үйлдлийг буруутгахгүй, харин ч өөгшүүлэн дуугүй байсаар байна.  

Тиймээс бидэнд: 
Хүчирхийллийг байдаг л зүйл гэж үздэг хандлагыг өөрчилж “хэзээ ч байх ёсгүй тэвчиж үл болох, яг одоо таслан зогсоох дахин давтагдахаас урьдчлан сэргийлэх зүйл” болгон хувиргах боломж бидэнд байна.

Хэн нэгнийг дарамталж, доромжлох боломжийг олгодог эрх мэдлийн тэгш бус байдал, түүнийг дэмжсэн нийгмийн хэм хэмжээг бид хамтдаа өөрчилж чадна. Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсооход хүн бүрийн санаачилга, оролцоо, дэмжлэг хамгийн чухал юм. Хүн бүр “надад хамаагүй” гэж чимээгүй өнгөрөх хандлагаасаа татгалзаж, ядаж нэг алхам хийснээр та бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж чадна.  

Та:
  • Хөрш, найз, таньдаг хэн нэгэн тань  хүчирхийлэлд өртөж байвал холбогдох байгууллагуудад нь цаг алдахгүй мэдээлээрэй.
  • Хүчирхийллийн хохирогчдод туслалцаа үзүүлдэг байгууллагуудад мэдлэг, ур чадвар, цаг зав, хөрөнгө хандивлах зэрэг төрөл бүрийн  арга, хэлбэрээр дэмжлэг үзүүлээрэй.
  • Бидний амьдралын нэг хэсэг болтлоо шингэн нэвчсэн хэрнээ далд байдаг энэ асуудлыг ил гаргасан мэдээ, сурвалжлага, нийтлэл бичиж, олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргээрэй.  
  • Та   үүнээс гадна хохирогчийн эрх, нэр төрийг хөндөхгүй, нууцлалыг хангасан ямар ч үйл ажиллагааг санаачлан хийж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
www.16daysmongolia.org  гэсэн хаягуудад зочлоорой.

Мөн Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн 70119941 утсанд хандаарай.

"Зохиомжийн хичээл"-ийн цочирдол

Хүчирхийлэл, доромжлол, гэмт хэрэг дунд амьдрал нь өнгөрөх өсвөр насны хүү Асланы ер бусын ертөнц. Гүрвэл, жоом дээр туршилт хийж, гэртээ гар буу зохион бүтээж, хайртай охиндоо сэтгэлээ илчлэх гэсэн нууцхан оролдлогууд. Түүний дотоод ертөнц шударга, чанга хатуу, гэхдээ зөрчилтэй. Учир нь энд "эрчүүдийн дүрэм" мөрдөгдөж байгаа. Хов зөөж болохгүй, хэн хүчтэй нь атаман болно, дүү нар нь яаж олох нь хамаагүй шоронд байгаа ах нартаа туслах мөнгө олж өгөх ёстой, атаманыг үг хууль... 

Харин Асланд энэ бүхэн ямар ч утгагүй. Тэр "төгс төгөлдөрт тэмүүлэгч". Биеэ цэвэр байлгахын тулд өдөрт хэд хэд усанд орно, гараа байнга угаана, нэг хувцасыг нэг л удаа өмсөнө, юм бүхнээс утга учрыг зохилдлогоог олохыг хичээнэ. Хөдөөгийн алслагдсан тосгонд энэ бол бүтэшгүй. Гэхдээ тэр чадаж байгаа.

Тэр төгс аллага төлөвлөсөн. Харин үүнийг хийхийн тулд тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Болатын цогцос олдсон ч хэн түүнийг хороосон нь тодорхой бус. Асланыг гэж мөрдөгчид гадарлаж байсан ч баримт олдсонгүй. Бас яаж эрүүдсэн тэр хэргээ хүлээсэнгүй. Нэгэнт авилгад идэгдсэн, өөрсдөө алдаа гаргаж сэжигтний амийг хлхироосон болохоор өөрсдийгөө буруутгахыг хүссэнгүй. Аслан суллагдав. Харин түүний болон найзынх нь мөрөөдөл болсон Happylon диваажин байсангүй. Тэр цөхөрч жинхэнэ диваажинд өөрөө хүрч очив.

Анх удаа Берлиний кино наадмаас Казакстаны кино шагнал авсан нь энэхүү  "Зохиомжийн хичээл" гэнэ. Монголтой адилхан посткоммунист, дээр нь сургууль дээрх хөвгүүдийн хоорондын bully их, "жинхэнэ эр хүн" гэх хайрцганд автсан нийгмийг хөнгөн хирнээ цочирдом харуулсан кино байлаа. Хамгийн сонирхолтой нь Асланы дурласан охин шашнаа, үзэл бодлоо хамгаалж "хашигдсан ертөнцөд" өөрийнхөөрөө байх гэж оролдож байгаа хэсэг нь гайхалтай.





Жендэрийн хэвшмэл үзэл эмэгтэйчүүдийн оршихуйд нөлөөлөх нь

Нэгдүгээр хэсэг

Хүн төрөлхтөн хүрэл зэвсгийн үеэс эхлэн өмчийн эзэн болсон эрчүүд биологи болон үржихүйн онцгой үүргээрээ эрчүүдээс ялгаатай байдаг эмэгтэйчүүдийн “эзэн” нь болсон гэгддэг. Эцгийн эрхт ёс эхийн эрхийг халж өмчийг эцгээс хүүд өв залгамжлуулах болсон бөгөөд хувийн өмчид суурилсан патриархи гэр бүл үүссэнээр эрэгтэйчүүдийн ноёлох байдал өсч, эмэгтэйчүүдийн дагалдах шинж нь эмэгтэй хүнийг “дарлагдсан” байдал руу түлхсэн. Патриархат буюу эцгийн эрхт ёсны нийгмийн үндсэн институт нь гэр бүл. Тиймээс гэр бүл нь эцгийн эрхт ёсны суурь хэсэг, үндсэн хэрэгсэл болохын хирээр эрчүүд өрхийн тэргүүн байж, өмчлөх, өв залгамжлах зэрэг эрх нь дан тэдэнд л байдаг. Энэ нь хүний тусгаар бие даасан байдлаа бодитоор хэрэгжүүлэхэд эрмэлзэгч ухамсрын түрэмгийлэгч, эзэрхийлэгч шинж чанарын үр дагавар юм. Хэрэв хүний ухамсар анхнаасаа хоёрдахь болон дагалдах гэсэн шинжийг агуулаагүй байсан бол, өөрийгөө “бусад”-аас дээгүүр мэтээр үздэг дарангуй хүсэл, тэмүүлэл байгаагүйсэн бол хүрэл зэвсэг үүссэн нь эмэгтэйчүүдэд тийм ч халтай тусахгүй байхсан. Харамсалтай нь хүн бол трансцендэнт байдлаараа дээгүүр санаатай оршихуй учраас хөдөлмөрийн шинэ зэвсэг бий болох, хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт гарах үеээс өөрөөсөө сул доройг нь захирах, өмчлөх гэсэн хүсэл нь эмэгтэйчүүдийг дарангуйлах явдлыг үүсгэжээ.

Оршихуйгаар нь эмэгтэй хүнийг эртний Грекийн философич Аристотель ердөө л матери гээд, харин төрж буй бүхэнд байдаг хөдөлгөөний зарчим бол илүү дээр, тэнгэрлэг эр зарчимгэсэн байдаг. Эндээс л эрэгтэй хүн дээд, тэнгэрлэг, эхлэл харин эмэгтэй хүн хоёрдогч, дагалдагч, гүйцэтгэгч, сул дорой нэгэн болж оршихуйгаа тодорхойлж ирсэн юм. Симона Де Боваур бичихдээ: Эмэгтэй хүн өөрийгөө эрэгтэй хүнтэй харьцуулан тодорхойлохоос бус эр хүн өөрийгөө эмэгтэй хүнтэй харьцуулан тодорхойлдоггүй. Эмэгтэй хүн бол чухал зүйлтэй харьцуулахад чухал биш амьтан. Эрэгтэй хүн бол Субьект, Үнэмлэхүй зүйл, харин эмэгтэй хүн бол Нөгөөх л ажээ.” Түүнийхээр "нөгөөх" бол бусдын хувьд Обьект болоод зогсохгүй тэдний юу хүссэнээр харагдах, байх тэр л үүргийг гүйцэтгэгч нь болж байдаг. Нутгийн уугуул иргэдийн хувьд шилжин суурьшигчид, цагаачид, дүрвэгсэд гадны хэн нэгэн байдаг. Исламын шашинтангуудын хувьд өөр шүтлэгтэнгүүд бүгд бусад, харь байдаг. Эрэгтэй хүн өөрийгөө эхлэл, эрх чөлөөтэй субьект гэж үзсэн цагаас Нөгөөх буюу нөгөө хүйс нь бол эмэгтэй оршихуй гэсэн санаа гарч ирж байна. Энэ мөчөөс эхлэн Нөгөөхтэй харьцах харьцаа нь эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдэд ч дараа, зовлон болж Нөгөөхийн оршихуй нь өөртөө болон өрөөлд аюул заналыг агуулах болжээ. Пифагор: “Эмх цэгц, гэрэл гэгээг бүтээдэг сайн эхлэл эрэгтэйд, эмх замбараагүй байдал, харанхуй, муу муухайг бүтээдэг муу эхлэл нь эмэгтэйд бий” гэжээ. Тиймээс энэхүү “муу эхлэл” болсон эмэгтэйчүүдийн эсрэг “дайн” эхэлсэн мэт. Эмэгтэй хүн бол өмч. Бие биендээ бэлэглэж, зарж болдог эд бараа. Тэр охин байхдаа эцгийнхээ, дараа нь нөхрийнхөө, нөхрийнхөө дараа хүүгийнхээ өмч нь болдог. Нөгөө талаар тэр нөхөр нь нас барсан тохиолдолд Монголын уламжлалд “асрахуй ёс” хэмээн нэрлэгдсэн нөхрийнхөө талын садангийн “ивээл”-д ордог байсан, нөхөр нас барсан тохиолдолд эхнэрийг нь хамт оршуулдаг гэх мэтчилэн эмэгтэй хүнийг эд бараа мэтээр үздэг соёл олон улс оронд түхэндээ байсан. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл африкийн зарим орны соёл дахь “эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх” ёс юм. Энэ нь эмэгтэй хүн бол нөхөн үржихүйн үүрэг гүйцэтгэж байдаг өмч бөгөөд эрэгтэйд үйлчлэх, тэдний эрх ашгийн төлөөх бүхий л зүйлийг үг дуугүй биелүүлэх ёстой “хэрэгсэл” мэтээр үзэж байгаагийн илрэл юм. Үүнийг Америкийн хүн судлаач Линда Стоун хүйсийн ялгаа гэдэг бол зөвхөн эрэгтэй эмэгтэй гэсэн биологийн асуудал төдий бус олон нийгэм, соёлд ондоо ондоогоор төсөөлөгддөг нийгэм, соёлын асуудал ч мөн юм” хэмээн үзсэн байна. Түүний үзсэнээр хүйсийн ялгаатай байдал нийгмийн амьдралд нөлөөлж байгаа нь зөвхөн нийгмийн асуудал болохоос биш биологийн үүднээс тайлбарлах боломжгүй юм хэмээн үзсэн байна. Үүнийг соёлын хүн судлаач Барбара Миллер тодорхойлохдоо: “эмэгтэй хүн хүүхэд олдог, тээдэг, гаргадаг гэдэг бол хүүхдийг гарсны дараа заавал эмэгтэй хүн л түүнийг өсгөж, халамжилж гэр зуур байж, нийгэм, эдийн засаг, улс төр, олон нийтээс тусгаарлагдаж байх ёстой гэсэн үг байж таарахгүй. Эмэгтэй хүний эрэгтэй хүнд захирагдах явдал бол биологийн үндэслэлтэй байгальлаг зүйл биш харин эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдэд тулгадаг нийгмийн зан суртахуун юм” хэмээн үзжээ. Белгийн феминист философич Люси Иригари “нийгэм, соёл, түүхийн бүхий л явцад бодит байдал дээр эрэгтэйлэг байдал бол тодорхой зүйл, харин эмэгтэйлэг байдал нь тодорхой бус зүйл байсан” хэмээсэн нь эрэгтэй, эмэгтэй хүний оршихуйг дээрх хоёр ойлголтоор авч үзэх болсныг харуулж байна. Феминизмийн явцад эрэгтэй эмэгтэй хүнийг авч үзэхдээ эрэгтэй хүн бол субьект, харин эмэгтэй хүн бол обьект хэмээн үзэж байсныг Боваур эрэгтэй хүн бол доминант, эмэгтэй хүн бол имманент шинжтэй хэмээн тайлбарласан билээ.

Харин орчин үеийн жендэр судлал нь энэ хоёр хүйсийн жендэрийг судлахдаа эрэгтэйлэг байдал буюу эр жендэрийн хэм хэмжээ, дүр (masculinity), эмэгтэйлэг байдал буюу эм жендэрийн хэм хэмжээ, дүр (feminity) гэсэн хоёр ойлголтыг тайлбарлахад чиглэж байна. Учир нь эцгийн эрхт ёсны нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний оршихуйг нь эрэгтэйлэг байдал эмэгтэйлэг байдлаар нь тодорхойлож байна. Эндээс хүний биологийн хүйсэнд нь суурилсан “жендэрийн хэвшмэл үзэл” бий болж, тэр нь хүн өөрийгөө илэрхийлэх, үнэлэх үнэлэмжинд буюу цаашлаад оршихуйд нь ихээр нөлөөлж байгаа юм. Жендэрийн тэгш эрх хангагдсан, хүчирхийллээс ангид, шударга нийгмийг бүтээхэд эцгийн эрхт ёсны жендэрийн тогтолцооны хоёр гол механизм болох эмэгтэйлэг байдал эрэгтэйлэг байдал хоёуланг нь хувьсган өөрчлөх шаардлагатай байна.

(Энэхүү өгүүлэл бүрэн эхээрээ "Философи шашин судлал" сэтгүүлийн 2012 оны I улирлын дугаарт нийтлэгдсэн болно.)

Friday, October 31, 2014

Феминизм хэрэгтэй юу?

"Жендэр, феминизм Монголд хэрэггүй, энэ бол гадаад орны л юм. Монгол шиг хатад нь эрх мэдэлтэй, түүхэнд нөлөөтэй байсан орон байхгүй, эмэгтэй хүн гэрийнхээ санхүү, хүүхдийнхээ хүмүүжлийг мэддэг асар их эрх мэдэлтэй" гэх хандлага...

Яамаар ч юмбэдээ. Монгол эмэгтэйчүүд бүгдээрээ түүхийнхээ туршид Мандухай, Сорхугтани шиг байж чадсан болов уу? Тэднийг өнөөгийн эмэгтэйчүүдтэй зүйрлүүлэх нь хэр утга төгөлдөр вэ? Гэрийн санхүү барьснаар тэр эрх мэдэлтэй байж чадаж байгаа болов уу? Хүүхдийн хүмүүжил зөвхөн ээжээсээ хамаардаг уу?, Эмэгтэй хүн л нарийн, мяндсан, торгон, хатан ухаантай учир төрд орохоороо хүүхэд, гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг хариуцах ёстой хэрэг үү? "Эмэгтэй хүн" - сайхан эхнэр+ сайн ээж+сайн ажилтан байснаараа л улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг үү? Гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг зөвхөн ёс суртахууны доройтлоос л болж байгаа юу?

Асуудлын суурь шалтгаан нь жендэрийн хэвшмэл үзэл, патриархи соёл, уламжлал, боловсрол, гэр бүлийн хүмүүжил, төрийн бодлого. Феминизм энэ бүхний эсрэг тэгш эрхийг зарчмыг тавьдаг. Тэгш эрх нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхийн нэр биш бөгөөд хамтран эрх тэгш ажиллаж, амьдарч, боломж, баялгаас тэгш хүртэхийг хэлдэг. Харин феминизмийг үзэн ядагчид эрэгтэй, эмэгтэй хүнийг сөргүүлж, соёл уламжлал зөрчлөө, монгол эмэгтэйчүүд Арадын орнуудын хүүхнүүд шиг дарлагдаагүй гэх мэтээр одоогийн нийгмээ чээжээрээ хамгаалах юм. Тэгш эрх, ялгаварлан гадуурхалт хаа сайгүй байгаа ч энэ нь байх л ёстой зүйл гэх хандлага бас байна аа. Харамсалтай нь энэ нь "каст одоо ч байгаа тэгээд бид юу хийж чадах билээ" гэсэнтэй адил сонсогдож байна. Орчин үе, 21-р зуунд ялгаварлал, эрх тэгш байдлыг хольж хутгах тэгш эрхийн зарчмыг гуйвуулах нь ардчилсан нийгэмд эрсдэлтэй бөгөөд эргээд хүчирхийлэл, хүнийсэл гарч ирнэ. Хүчирхийлэл үйлдэгчид хэзээ ч өөрөөсөө илүү эрх мэдэлтэй хүнийг хүн хүчирхийлдэггүй. Өөрийнх нь нөлөөнд байгаа, өөрийгөө хамгаалж чадахгүй сул дорой байдлыг нь далимжуулж хүчирхийлэл үйлддэг. Хүчирхийллийг ёс суртахуунтай холбоод байх шаардлагагүй, суурь шалтгаан нь патриархи, эрх тэгш бус байдал, эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Хүнийсэл ёс суртахуун, итгэл найдвар үгүй болсноор бий болно. Хүн нийгмээсээ, өөрөө өөрөөсөө хүнийсдэг. Энэ нь эргээд нийгэмд сөрөг үзэгдлүүдийг бий болгож байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг үгүй болгосноор, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчилсөөр, гэгээрүүлснээр, патриархи соёл, уламжлалаас татгалзсанаар л жендэрт суурилсан хүчирхийлэл, хүнийсчихсэн гэмт хэргүүдийг бууруулж болмоор. Тэгэхээс биш мянга ёс зүй, түүх яриад энэ байдлыг өөрчилж чадахгүй шүү дээ.

Monday, September 1, 2014

Ерөнхийлөгчийн хичээлийг үзээд төрсөн сэтгэгдэл

Ерөнхийлөгчийн хичээлийг анх удаа үзэв. Арга зүй, агуулгын дэс дараа нь аятайхан санагдсаан. Гэхдээ шинэчилсэн хөтөлбөр гээд яриад байгаа ч яг үнэндээ миний л мэдэхийн л сүүлийн 5 жил багш нар чадах чинээгээрээ л энэ арга барилаар нь хичээлээ заасаар л ирсэн. Харин ганц л зүйлийг огт ойлгохгүй юм. Шинэчлэгдээд байгаа гэсэн тэдгээр сургуулиудад буюу "улсын" гэж тодотгосон сургуулиудад боловсролын шинэчлэл хийгээд байгаа "удирдагч"-дын маань хэдийнх нь хүүхэд сурдаг бол? 
"Бүх эцэг эх хүүхдээ сайн хүн болохыг л хүсдэг" гэж Ерөнхийлөгч маань хичээлдээ их л тодотгов. Тэгвэл улсын сургуулиуддаа өөрсдийнхөө хүүхдүүдийг сургахгүй өндөр төлбөртэй хувийн сургуульд сургаж байгаа өөрсдийнх нь үйлдлийг ойлгохгүй юм. Тэгээд шинэчлэл гэдгээ хувийн сургуулиудаасаа хуулбарлаж хийнэ. Өдөрт 40-50 хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг сургууль, багш нарыг 25-30, зарим нь үүнээс ч цөөхөн хүүхэдтэй ажиллаж, нэг ээлжээр хичээллэдэг хувийн сургуулиудтай хэрхэн харьцуулах. Тэмээ ямаа хоёрыг жишсэнтэй адил баймаар юм. Аль ч салбарын дарга нарын үйлдэл тус салбарын үнэлэмж, үнэлгээ, чанарын талаарх иргэдийн эргэлзээг улам их төрүүлж байгаа бус уу.

2012 онд "Эх нялхсын эрүүл мэнд, төрөлт"-ийн асуудлыг хэлэлцсэн үндэсний хурал дээр Эрүүл мэндийн яамны нэг дарга нь "Гурван гал эмнэлэг их сайхан үйлчилгээ үзүүлсэн. Миний ач тэнд төрсөн. Манай эмнэлэгүүд сайхан болсон байна. Бүсгүйчүүд минь төрөөд бай төрөөд бай. Монголын үрс олон болог" гэж ярьж байсныг санав. Өндөр төлбөр төлж хүүхдээ төрүүлдэг эмнэлгийг ачааллаа даахаа байгаад дөнгөж төрсөн эх хүүхдийг ганц ч хонуулахгүй гэрт нь гаргадаг эмнэлгүүдтэй жишиж байх.

Эцсийн эцэст бид чинь хүүхдээ 15.000-5.000 долларын төлбөртэй сургуульд сургаж, сайн зассан замаар утаанаас хол хордохгүй амьдарч, хувийн эмнэлэгт 3-5 сая төгрөг төлж, эсвэл үүнээс ч өндөр үнээр гадаадад хүүхдээ төрүүлж, Тайланд, Солонгос руу явж эмнэлэгт хэвтдэг тэгсэн мөртөө "ард түмэн, улс орны амьдрал хүнд байна. Бид л өөрчлөлт хийж чадна" гэж ярих, бас иргэдээсээ асуулгүйгээр гэнэ гэнэ туршилт хийдэг дарга нартай, ХҮМҮҮНЛЭГ, АРДЧИЛСАН, ИРГЭНИЙ НИЙГМИЙГ байгуулах гэж байгаа үлгэр жишээ АРДЧИЛСАН УЛС юм байна шүү дээ.

Wednesday, August 27, 2014

Тэмдэглэлийн талаарх "тэмдэглэл"

Гэнэт маш ихээр харамсав. Урж тастаж, шатаасан өдрийн тэмдэглэлдээ. Нууц нууц байхдаа л үнэ цэнэтэй гэдэг. Харин миний өөрөөсөө ч нууж байсан нууц маань тэр үед нууц биш болчихсон хэрэг. Тэгээд л галд шатсан. 12-той жаахан охин уйдахдаа ахынхаа номын сангаас олсон соц үеийн түүхийн хэлтэрхий гэлтэй хуучин хирнээ шинэ дэвтэр олоод тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Өдөрт юу хийснээ, юу бодож, мөрөөдөж байгаагаа, өөрийнхөө тухай, өрөөл бусдын тухай гээд өчнөөн зүйл бичиж эхэлсэн юм. Харин одоо яг юу бичиж байснаа санахгүй байх юм. Үүнээс л болоод өнөөдөр харамсал төрчихсөн хэрэг. 

Тэр үед надад цорын ганц найз байлаа. Гэр - сургууль гэсэн маршруттай, хатуу өвөөгийн хяналтад хичээл хийхээс өөр зүйл мэдэхгүй, дүнсгэр, дуу цөөнтэй охинтой яаж гэдгийг нь мэдэхгүй ч ангийн маань хамгийн хөөрхөн охин (бусдыг нь мэдэхгүй ч би л лав ингэж боддог байсан санагдана) найз болчихсон байлаа. Хичээлээ тараад л манайд юм уу, тэднийд очиж хичээлээ хийнэ, хоол хийж иднэ, ном солилцон уншина, нийлж ангийхаа хөвгүүдийг шоглоод л. Одоо бодоход санах бодох зүйлгүй сайхан өдөр хоногууд өнгөрч. Энэ хооронд би өнөөх дэвтэртээ "нууц" гэж бодсон бүхнээ бичээд л, амьтай бүхнээс нууж, хүн бүхнийг уншчих вий гэж хардсаар л. Мөн ч их "нууц"-тай байж дээ. Гэтэл нэг өдөр дотроос адын хүсэл хатгаад болдоггүй. Найз маань тэмдэглэлийн дэвтрээ манайд ил орхиод явчихаж шүү. Унших уу үгүй юу? - Энэ чинь байж болшгүй зүйл. -Хүний юманд дураараа хүрч болохгүй ... бодол хөвөрсөөр л... Нэг мэдэхэд би дэлгээд уншаад эхэлчихсэн байсан юм. Харин одоог хүртэл тэр үйлдэлдээ харамссаар. Учир нь найз маань миний өөрөөсөө ч нуугаад байдаг өнөөх дэвтрийг аль хэдийнэ уншчихсан байдаг байгаа. Дээр нь бусад найзууддаа хэлсэн талаараа өөрийнхөө дэвтэр дээр бичсэн байсан санагдана. Дотор харанхуйлаад л яах учраа олохгүй, уур хүрч, ичиж байлаа. Харин миний хийсэн хамгийн эхний үйлдэл нь өөрийнхөө өдрийн тэмдэглэлийн хуудас бүрийг нэг нэгээр нь ураад галд шатаачихсан. Шатаж дуусах хүртэл нь харж суухдаа нүднээс минь нулимс дусалж байсансан. Найздаа харин тэр талаар юу ч хэлсэнгүй. Дахиж хэзээ тэмдэглэлийн дэвтэр хөтлөхгүй гэж өөртөө амлав. Тэр өдрөөс хойш бид хоёрын хооронд ямх ямхаар зай завсар гарсаар, одоо сураг нь ч алдарч.

Харамсал хөвөрсөөр мартагдсан дурсамж руу минь ингээд нэвтрээд ирэх гэж. Өдөр өдрийн дурсамж шингэсэн дэвтэр, үерхэж дотноссон найзаа санагалзан суух өдөр ирэх гэж. Хаа нэгтээ мартагдсан хүүхэд насны гэгээн гэж хэлж болохоор дурсамж. Нөхөрлөл, итгэл, бас бяцхан атаархал. Тэгээд төгсгөл.

Өнөөдөр харин тэмдэглэлийн дэвтрээ нухацтай нь аргагүй нээж харав. Өдөр өдрийн ажлын төлөвлөгөө, уулзалтын хуваарь, шинэ, хуучин санаанууд, онч үг, зарим нэг шүлгийн мөр, номны тэмдэглэл, амралтын хуваарь, санхүүгийн тооцооны мэдээлэл... Өсвөр насандаа бичиж байсан мэдрэмж, сэтгэл хөөрөл, гутрал, гомдол, хайр, "нууц" аль нь ч энд алга... Хачирхалтай нь би өөрөө харин энд байгаа болов уу гэж бодогдох.

Saturday, July 19, 2014

Тэмдэглэл #1

"Хүн төрөлхтний зөвхөн өөрийнхөө л төлөө хийдэг, ганцаардлаас зугтах, айх айдсаа давах оролдлого, бас гарц нь ХАЙР". 

Энэ миний л тодорхойлолт. Хатуу, магадгүй харгис байж магад. Гэхдээ ХАЙР гэдэг зүйл ирсэн шигээ аз жаргал биш айдас, зовлонг дагуулаад байдаг юм биш байгаа. Тийм болохоор л магадгүй үүнээс зугтаж, өөрийгөө зовоохгүй гэсээр яваад гэнэт нүүр тулахдаа манан дунд жолоо алдаад яахаа мэдэхгүй төөрчихсөн, тэр нь томоо гэгч АЙДАС болчихоод өршөөлгүйгээр цоо ширтэн үг, үйлдэл бүрийг минь дэнсэлж байж мэдэх. Хүн аймшигтай амьтан юм. Тэр юу ч болж чаддаг. Гагцхүү хүн хүн хэвээрээ л үлдэх нь хамгаас хэцүү мэт бодогдох. Түүний сэтгэлд шунал, хүсэл тачаал, атаа, өс үргэлж бадарч, унтарч, басхүү асахаа хүлээн нуугдаж  байдаг. Гагцхүү хэрхэн зохицуулах вэ гэдгээс л хүний жинхэнэ мөн чанар ил харагддаг. Гэхдээ  эхэнд хэлсэнчлэн ганц зөвтгөл нь хайр ч байж магад. 

Дуэльд дуудагджээ, нэгэнт ухрахгүйгээр. Эсрэг талд минь шунал, айдас зогсож байна. Эдэнтэй шархдахгүйгээр биш юм аа гэхэд ядаж бага хохирол амсан учраа олох нь зөвхөн миний асуудал болж. Хүч хүрэхгүй ч байж магад. Гэхдээ эцсийг нь хүртэл үзэлцээд л дуусах тэр хүч чадал түүнээс минь ирж байна.

"Айх" синдром гэж нэрлэсэн. Яагаад гэж үү? Мэдэхгүй. "Тийм" гэхийн аргагүй мэдрэмж мэдрэхээрээ өөрөө өөртөө өгөөд сурчихсан оношны нэг нэршил нь. Энэ удаагийнх маань харин "айдас" байлаа. Гэхдээ энэ айдас надад хором бүрийг үнэтэй, сүүлийнх мэт үнэлэх үнэлэмжийг, цаг хугацааг үнэмлэхүй болохыг, цаашдын ирээдүй гэж байдгийг, бас итгэлийг надад өгсөн.

Sunday, June 8, 2014

"Сайхан бие"-ийн тухай

Өсвөр насандаа үеийхнээсээ өндөр, бор арьстай, том биетэй, махлаг охин байсан учир нэр хоч авч, тэдэнтэй чацуу болох гэж бөгтийж явдаг, чимээгүй, үл үзэгдэгч охин байж. Бусад охидын л адил саваагүйтэж үсээ хайчлан, нүүрээ будаж (нууцаар), өтгөн ургадаг гэсэн домогт итгэн хөмсгөө хүртэл хусаж байсан түүх надад бий. Мянга "хөөрхөн" харагдах гэж оролдлоо гээд би Кристина Агулера, Викториа Бекхэм, Ким Ха Нил болчихгүй нь мэдээж. Миний ийнхүү аяглаж, давхраа хийлгэмээр байна хэмээн гоншигноход ээж аав хоёр минь "эхлээд аав нь хийлгэчихье, гоё болвол миний охин хийлгэ" гээд инээж байсан нь одоо ч санагддаг. Бас энэ л хайр намайг аварсан гэж итгэдэг. 

11 настай охиныхоо хамрыг засуулах гээд гоо сайхны хагалгаа хийлгэнэ гээд дагуулж яваа ээж, оюутан болохоосоо өмнө давхраа хийлгэж "хөөрхөн" болох гэж мөрөөдөж, мөнгө цуглуулж буй охин, охиноо том болохоор гоо сайхны хагалгаа хийлгэчихнээ хэмээн хээв нэг найзууддаа хуучилж буй аав. Энэ бүхэн нөгөөх л "Төгс гоо сайхан" гэсэн хуурмаг хирнээ бодит мэт хэт үнэмшүүлсэн "сордог элс" рүү аль хэдийнэ бид "баяртай"-гаар шигдээд эхэлснийг харуулж байгаа бус уу. Өөрийгөө голно, үр хүүхдээ голно. Эцэст нь гоо сайхан үйлдвэрлэгчид, хувцас загварын брэндүүд бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн бүхий л бизнесийн сурталчилгаа, шоу, нэвтрүүлэг, савангийн дуурь, сэтгүүлүүдийн "үр дүн", "хэрэгсэл" төдий болохоо өөрсдөө хүснэ, хүлээн зөвшөөрнө. 

Эцэг эхээс бүрэн бүтэн, эрүүл саруул төрсөн хирнээ өөрийгөө өөчилж, голж ямар үр дүнд хүрэхээ мэдэхгүй муйхраар элдэв бүтээгдэхүүн хэрэглэж, арьс махаа зүсүүлж, тайруулж, ясаа хусуулж, химийн бодис бие рүүгээ шахуулж байгаа нь хэнд ашигтай вэ? гэдгийг бодох цаг аль хэдийнэ болжээ. Уг бид чинь нь дахин давтагдашгүй, цорын ганц ХҮН гэсэн хаягтайгаар энэ хорвоо дээр ирсэнсэн. 

Сонголт ... ?

Сонголт. Зарчим, нийтлэг үнэт зүйлийн эсрэг зөн совин, сайхан сэтгэлийг тавих сонголт. Энэ сонголттой эсрэгцэх, тэгээд ганцаар үлдэх сонголт. Хэн нэгнийг хайх мэдрэмж. Магадгүй өөрийгөө. Зам зааж өгөх, зөвлөх, туслах, нөлөөлөх гэсэн оролдлогууд. Улам төөрүүлэх. Улам цаашлуулах, удаашруулах, манантуулах. Удаашрах сонголт. Цаг хугацаа урсан буйг мэдрэх мэдрэмж, хором мөч бүхэн алсран холдохыг ухаарах, мэдэх, ухамсарлах. Өөрийгөө бас л хайсаар. Ирмэгийн нөхцөл. Ийм л байдаг байх гэсэн төсөөлөлд умбах. Төсөөлөх нь сонголтод нөлөөлөх, төсөөлөх нь амьдрах, амьд үлдэхэд нөлөөлөх. Зүгээр л орхих, хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг. Бас л ирмэгийн нөхцөлийг. Абсурд баатруудын мэдрэмж, тэмцэл ямар утга учиртай байсныг хайх, эргэцүүлэх. Гэхдээ одоо бол ямар ч нэмэргүй. Бас ... ямар ч нэмэргүй гэж бодох сонголт. Гарцыг олох. Олсон гэж бодох, итгэх итгэл. Сонголт.